Хунтайжийн бичээст Дуутын хад уйлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
elbeg_b2004@yahoo.com
2020-07-01 17:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хадны бичиг уйлж байна. Хамаг Монголын минь босоо бичиг. Хаан Чингисийн минь хас төрийн эрдэнэ дайчин бичиг энэлж шархтаад элэг эмтрэн байна. Өвөг дээдсийн минь амиараа дэнчин тавьж хамгаалсан тэрхүү тусгаар улсын гэрч гэрээс дурайтал хэцлээстэй бичгийг гуниаж орхиж.




Буртагласан буруутай, буруунгуй номтон гэмтэн нь хэн бэ? Хад чулуу мундсан мэт чухам яахаараа бичиг соёл руугаа хар ус (тос) цацах гэж...




Санаатай хийгээд санамсаргүйн алин боловч энэхүү мунхруу үйлийн ланчиг хураасан этгээдүүдийг эрж олж байна уу. Энэ улсын өв соёлд ер нь хайхрах эзэн буй юу? Шувтрага нь хаяа хатгасан цаг, энэ жилийн сонгуулийн улс төрийн уугим халуун, зуны дунд сарынхаа аагим лугаа хамсан нэрмэж гаднаас бүгчимдүүлэхийн сац дээрх асуулт, дотор чинад руу хүчтэй цонон бачимдуулна. Биеэрээ хүрч, нүдээрээ үзэхээс нааш нэхэл хатуу асуултын хариуг үнэнд ойр олохгүй нь ойлгомжтой бөгөөд тайтгарах ч аргагүй ажгуу.

Улс монголынхоо туурга тусгаар оршихуйн төлөө алтан амиа зориулсан дайчин баатар, их хааны удмын цагаан яст тайж, Бахрай хошууч баатар эцэг, эрдэм төгс Чин Тайху хатан ижийгээс нь нялхад нь хайрласан нэр лүгээгээ адил цогт эх оронч хүү, хүмүүний оюун сэрэхүйг баясган цэлмээх шид увдисаар далай баян монгол хэлнийхээ яруу тансгийг зохируулан цогцлоох эрдэм авьяас төгссөн билгүүн шүлэгч, халуун сэтгэлгээр хайлан уярагч, нигүүлсэхүй зөөлөн үзэлт, бурхны номт Цогт хунтайжийн оюун эрдмийг өдий хүртэл ганц ацаг шүдний гарзгүй, мөр шадыг нь баллан бүдэгрүүлэх байтугай гэдсийг нь хагалж нумыг нь нугалалгүй бултаар бүтэн бүрэн, нуруу шилбэдийг чиг шулуунаар нь авч үлдсэн тэрхүү Дуутын хаш эрдэнэ хаднаа анх удаа зорьж хүрэв.

Хувьгүй ч молхи бол доо. Ганц ирэхдээ гайхам өв соёлоо элэг нэгтнүүддээ эвдлүүлсэн цагийн цөвүүний “дайрлага”-тай таардаг. Чингэвч монгол хүний гүн ухаанд, юманд учир суманд гичир, цаг цагийн ирэл буцал, тохиол таарал болгон хувь үүрэгтэй болохыг ухуулж өгдөг. Бичиг соёлынхоо тулд нэмэр өгөөгүй юм аа гэхэд хумсын толионы ч гай тариагүй цагаан үйлийн маань эчнээ үр, энэ л цаг үед даллан гэрэлт хөшөө тийш аваачсан гэдэгт эргэлзэх шалтгаан өчүүхэн ч үгүй.

Дуутын хадны бичээсийн байгалийн өөрийнх нь заяамал хамгаалалтын тухай эхлээд хэдэн үг хэлхюү. Улаанбаатараас, улс амьтны үй зайгүй хуарагнал бөөгнөрөл, шахалдсан шавааралдаанаас арван өртөө шахам алс байдаг нь орон зайн таатай хамгаалал болму. Хэрэв зээ Цонжин болдог шиг, Заан Тэрэлж, Манзуширийн хийдийн адил ойр дэргэд асан бол тархай сууж, нүүж бууж, түүнээсээ тэнгэрийн эрчмийг ологч дээдсийнхээ ухаанаас хөндийрөн ангижирсаар буй монголчууд энэ хувь ганц дурсгалыг “ноолж” гүйцэх байж. Цардмал замаас гурван өртөө арай хүрэхгүй алсад цахилан буй нь бас л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж тийш хүрэх, соёлын дурсгалд өөрт нь бол хэзээд ээлийн хаялгагүй аяны зориог зохих хэмжээнд хазаарлан хумбисаар байнам. Дэлгэрхаан /Уг нь бол уул хайрхнаараа нэрлэсэн юм чинь Дэлгэрхан л байх учиртай асан. Ер нь энэ харь бичиг хэрэглэсний гор дундрахгүй юм даа. Б.Э/ сумын Засаг даргын албан тасалгаанд бидний анх ороход болсон ярианаас сонсохуй, тэр суманд хүрсэн явуулынхан төдийгүй нутгийн хүмүүс ч барагтай бол олохооргүй бүгт газар байдаг нь байгалийн өөрийнх нь бас нэг таатай хамгаалалт мөн гэж болох. Ийм байгалийн давуу нөхцөлийг ухаант дээдчүүд маань, хунтайжийг анх Хангай ханд шүлгээ уяран хайлсныг Эрх хиа нь сударлан авснаас хойно даруй дөрвийн дөрвөн он улиран урстал зориуд эрж олж, ажиглаж сонгосон хэмээн өнөөгийнхөн ухварлахад бараг төлөв хэтийдэл болохгүй.

Харин, энэ цагийн төр улсын хараа хяналт, хамгааллын бодлогын тухайд тун тааруухан тойм уншиж болно. Соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн ангилал, түүний зэрэг зиндааг авч үзэхэд Дуутын хадны бичээсийг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалаар бүртгэсэн байна. “Үнэт”, бүр “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад нь “орон тоо олдоггүй” юм байлгүй. Газар дээр нь очоод үзэхэд аянга зайлуулагч өндөр төмөр шон босгосон, түүний хөлд хаа газрын хамаг л сайн сайхныг сүүдэр болтлоо дагалдаж, адлагдаж байдаг хадаг яндар хэсэг бусгийг ороосон, төмөр шонгийн дунд хэрд, хадны бичээсийн тухай өнөө цагийн барагтайхан бичээч монгол бичгээр эндхийн их, бага бичээсийн дэргэд ичмээр гэхэд багадмаар хэмжээнд хэдэн үг гараар бичиж өлгөснөөс өөр дорвитой юмгүй дүр зураг тосно.

Бид Дэлгэрхан сумын Засаг даргаар, басхүү сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан, ахмад настан Д.Дашдондог абугайгаар газарчлуулан сумаас урагш хорь гаруй бээр давхиж, баруун талаар үргэлжилсэн хад сархиагүй намхавтар ухаа нурууны урд үзүүрээр баруун урагш даваад, бүдэг зам дэнжийн орой барин тонгойхуй урдхан ар дээр хол саахалтын хэр, тэрүүхэндээ содон өндөрлөг дээр, хаана хаанаасаа үзэгдэх орчинтой бяцхан овоо босгон тэмдэг мэдүүлснийг ажиглаж, хойд ар луу нь бут, чулуутай сайр уруудан зорьсон газраа яарав. Сайрын дунд чинээнд хашаа саравч бүхүй өвөлжөөтэй, түүний хөл рүү Дуутын булаг гүехэн гүлмэг урсана. Өнөө жил зун баахан оройтсон, гандуухан. Тээр баруунтаа, сайрын аманд хангай газар юм гэвэл хайлаас мод баймаар, говийн борзонт аараг толгодод гэмээ нь тэмээ мал хорон багшрах мэт бөөн бараан юмс торолзон тодорсоор байлаа. Хүний гараар бүтээгүй ийм бөөн бөөн боржин чулуун овоод энд тэндгүй цоохортоно. Дуутын хаднаа дөтлөн ирж байгаа нь тэр ажээ. Өнөөх том, бөөн хаднуудад арай хүрэлгүй сайраа орхин баруун хойш гатлан зам аажим өгсүүрлэж эхлэх үес, умард уулын оройн хаднууд дунд, нарийхан өндөр төмөр антенн нүдэнд тусаж, дурсгалт газрын урьд үзсэн зураг танигдаад ирэв. Суурь бүхүй томхон дөрвөлжин гантиг чулуун дээр, Цогт хунтайжийн шүлэг бүхүй соёлын өвийн талаар кирилл үсэг, англи хэлээр хослуулан бичиж нийтэд мэдүүлжүхүй. Хамгийн түрүүнд анзаарагдсан юм нь, шинэ цагийн энэ пайлуур дээр монгол бичгээ орхигдуулснаас гадна шинэ гэхэд нэн шинэ цагийн энэ чулуун самбарын бичиг хар нь бараг баларчээ.

Дуутын хадны бичээс бол их, дунд, бага гэсэн монгол бичээс бүхүй гурван дурсгалын яруу сайхан цогц юм. Үүнээс их болон дунд бичээс нь зөвхөн босоо монгол бичээстэй. Хүмүүс их бичээсийг нь их, нөгөө хоёрыг нь нэр шиг нь дунд, бага зэрэг л мэддэг. Бид эхлээд зүүн хойхно, хамгийн ойрхон байгаа Дунд бичээсийг сонирхлоо. Миний үзэхээр, энэхүү дунд бичээс гурван зүйлээрээ гайхам үнэ цэнтэй байна. Нэгд, хэний тушаалаар, хэн хэн, юуны тул, хэзээ энэхүү бичээсийг хаданд сийлж үлдээсэн тухай түүхэн баримтыг тов тодорхой дурдан гаргасан нь гайхамшиг. Цогт тайжийн зарлигаар, Дайчин хиа, Гүен баатар хоёр, Хутагт хааны учир аа /Лигдэн хааныг хэлж буй/, Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил улирснаа, модон хулгана жилийн гал барс сарын арван таванд хас эрдэнэ мэт хаданд бичив хэмээн илтэд тод найруулж, басхүү тиг хэлбэрийн хувьд гайхалтай уран сайхнаар утга төгөлдөр сийлжээ. Их, бага бичээсийг сийлсэн хугацаа хоёр хоногийн зөрөөтэй байдаг. Хоёрт, суут богд эзэн Чингис хааны нэр алдрыг энэхүү Дунд бичээсэнд хоёр удаа дурдсан нь уг дурсгалын түүхэн үнэ цэнийг улмаа өргөж байдаг. Монгол нутгаас илрүүлсэн монгол бичгийн дурсгалууд дотор Чингис хааны нэрийг ийнхүү тод томруун бичсэн нь өөр байхгүй болов уу. Харин өвгөдийн үлдээсэн энэ сайхныг хэрэв шүүтэглэж болдог гэвэл, эзэн хааны нэрийг дээд түвшнээс мөр тэтгэж бичээгүйг анзаарч, харьцуулж болно. Тэрхүү уламжлал алдагдсан гэхээсээ илүүтэй, хаан эзний зарлиг бус, тайж хүнийх тул ийнхүү ердийн байдлаар бичсэн ч байж болох буюу. Энэ мэтээр судлан шинжлүүштэй зүйл арвин дүүрэн байна. Гуравт, Дунд бичээсийн тиг зурлага, бичээчийн ур чадварын түвшин үлэмж гайхалтайн сацуу зориуд засаж бэлтгэсэн мэт тэв тэгшхэн, наран өөд хандсан байрлалтай хар чулуу нь бичигтэйгээ яв цав зохицсон нь дөрвөн зууны тэртээх байгалийн өөрийн нь бэлэн “бэлдэц” дээр хүний гараар бичсэн бус, хайр чулууг санааныхаа зоргоор өөрчлөн үйлдвэр урлалын хийц бүтээц болгодог орчин үеийн техник технологийг нэгэн талаар төсөөлүүлэх мөртөөн нөгөө талаараа тэрхүү орчин үеийн шийдлийг хүний гар бие оролцоогүй, байгаль эхийн энэ чулуун хуудас, учир утгагүй мэт санагдуулан, хаш судраа зохих газрыг нь зөв олж, мэргэн бүтээсэн өвөг дээдсээ улам улмаа хүндлэх, ухаан билгүүнийх нь гүнзгийг мэдрэх бишрэлийг ундруулнам. Жилийн дөрвөн эргэлтэд хур цасны өчүүхэн ус түүнийг хоромхноо норгож угаагаад, хайлан гулсаж арилах налаг налуу, наран ээвэр өөд хандсан энэ гэрэлт бичээсийг гараараа илбин үзвээс алга бүлээсгэм байдаг нь таатайхан. Дунд бичээс бүхүй чулуунд гурван ч цав сууж цуурсан нь хэдий үед холбогдохыг хэн мэднэ. Суурь доод талын чулуу нь бас хоёр гурван хэсэг болон хагарчээ. Нэг хагарсан багахан хэсгийг нь Ганболд доктор олж байранд нь талбин “зовлон”-гоос амурлиулвай. Дунд бичээсийн чулууг одоо хөдөлгөх нь байтугай хөндөж ч болохгүйг тэр цуурал сануулж байна.

Дуутын их бичээс. Эхний мөрийн эхэнд, бярга хэмээгдэх монгол номын шинэ хуудас эхлэхийн тэмдэг бологч өвөрмөц “эхчим” талбиж, дан монгол бичгээр арван долоон мөр бичиг сийлсэн, монгол хэл, монгол бичиг, түүх, уран зохиолын үл давтагдах, зүйрлэх зүйр эс олдох, эд мөнгөөр үнэлж хэмжих гэхэд утга үл гарах нандин эрдэнэ энэ. Их бичээс, ижий аавыгаа ирэхгүй удахаар уйлаад нус нулимсаа нухчин хольж нүүрээ халтартуулан эхэр татсан жаал хөвгүүн шиг юм угтаж авав. Барагцаалбал, хүүхдийн баярын дараахан хэсэг хүн ирж, хоноглоод явсны дараа ул мөрийг нь нутгийн хүмүүс ирж үзэхэд бичиг уншигдахын аргагүй хар тосоор бялдагдсан байж. Засаг даргын ярьснаар, Дэлгэрхан сумын бүх малчин өрхийн жар гаруй хувь нь оторт явчихсан эль хуль үед хорлон сүйтгэгчид ирж таарчээ. Харин биднийг очих үед Дуутын хадны зүүн, урд талаар малчин айлууд мэр сэр буусан харагдаж байв. Дараагаар нь байгаль эх өөрийгөөн цэвэрлэж, сүрчиж цацсан тос нь зуны ид дундын нар салхинд хатаж энэ хэр эврээд байгаа хэрэг шүү дээ. Сумын Засаг дарга Д.Жаргалмаа хамаа биш хүн, зүй бусаар гар хүргэхээс болгоомжлон, Монгол Улсын Соёлын өвийн төвд хандсанаар барахгүй тэдгээр мэргэжлийн хүмүүсийг ирүүлж, их бичээсийг сэргээлгэхээр унааны зардлыг нь хүртэл шилжүүлсэн тухайгаа өгүүлж суунам. Тийнхүү Соёлын өвийн төвийн ажилтнууд энд ирж, бичээсийг бололцооны хэмжээнд сэргээсэн бөгөөд сэргээсний дараах байдлын гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан билээ.

Анх удаа ирсэн миний хувьд, нүдээр харсан харьцуулах зураглал үгүй. Гэхдээ өмнө нь мэргэжлийн хүний буулгасан чанартай зураг, хэв дардас бидэнд бий. Түүнтэй харьцуулахад харамсалтай дүр зураг тодорч байна. Бидэнд цаг хангалттай байсан тул эхлээд Их бичээс бүхүй бөөн хадыг бүтэн тойрч, зүс үл таних, машин хөлөглөсөн тэдгээр “толгойгүй хүмүүс”-ийн өчүүхэн ч эс санаа зовнин үйлдсэн “хар хэрэг”-ийн мөрийг мөшгөлөв. Их бичээс бүхүй хадны эргэн тойрны элгэн хаднуудыг тойрон бараг бүгд дээр нь хар бараан тосоо их хэмжээгээр асгалан цацжээ. Хэрэг таригчдын үлдээсэн мөр нь арилж, элсэн хөрстэй энэ газрын шархыг бол салхи нь эдгээж орхиж. Харин тос нь тоогүй явдлын тод гэрч болон улмаа тодорч байх мэт. Тос тийм ийм гэх гойд гоц үнэргүй бөгөөд ямартай ч машин техникийнх биш, мөн малын шим буянаас гардаг шар тос, өрмөн тос зэрэг бүр биш, их л удаан хатдаг өтгөн бодис болох нь мэдэгдэн, нунтаг элс тоостой холилдон нүүгэлтэж, чивэлт үйлдлийг гэрчилсээр байна. Дуутын их бичээсийн эргэн тойронд цацсан энэ тос, шаналж бүхүй хөгшин хүний дүртэй, эсвэл бага жаахан хүүхдийн халтар болсон нүүрийг санагдуулам юм. Ташрамд, бичээсүүдийн хэлбэр хэмжээ, тиг зохиомжийн онцлогийг бид мэргэжлийн талаас ажиглаж, зохих судалгааны баримт бүрдүүлсэн бөгөөд энд зөвхөн хорлон сүйтгэсэнтэй нь холбогдох баримтыг уншигч абугай нартаа цаг үеийн чухлыг бодож арай дэлгэр өгүүлэн, харж хандах ёстой засаг төрийн байгууллага, албан тушаалтнаа хүргэж, сэрээж сэрэмжлүүлж буйгаа дурдсу.

Дуутын хадны бичээсийг буртагласан буруу номтнуудын үйлдэл анхных биш, төрөл хэлбэр нь ч адилгүйг эргэн тойрны нь элгэн чулуунууд бас хэлж өгч байна. Тэр нь монгол, кирилл үсгээр сараалж бичсэн элдэв үг үсэг, он тоо зэрэг юм. Их бичээсний баруун гар талын дээд хэсэгт, түүнээс гурав орчим метрийн зайд сайхан тэгш чулуун хуудсан дээр “боов” гэж кирилл үсгээр ичих ч үгүй сараачжээ. Нүүр халж, дагуулж очсон гадна дотнын хүмүүсээсээ санаа зовсондоо зарим номын гэгээтэй нь арга барагдахдаа хоёр “о” үсгийг нь “ө” болгож, “б” үсгийн ангархайг битүүлэн бөө удган, эсхүл үхэр дууддаг үг болгон харагдуулахаар оролдоо юу даа гэмээр байна. Бусад эсэн бусын эрээчээсийг хүндэт уншигч та бүхэн гэрэл зургаас ажиглах байх. Бичиг мэддэгээ тунхаглах гэж, түүхэнд үлдэх гэж адгах энэ ядруухан хүмүүс тэр сурсан бичгээрээ ядаж “Гавьяат үйлсийн мөрөөдөл”-ийг уншаасай билээ дээ.

Их бичээст хадны оройн зүүн дээдхэн хэсэгт бага бичээс буй. Дайчин хиагийн дүү Амар хиа бичвэй хэмээсэн монгол бичигтэй эрдэнийн чулуун судар дурайж байна. Мөн ланз, төвөд, хятад үсгээр бичсэн мөргөл, маанийн үгс буй. Төвөд бичиг нь хүн бүрийн сайн мэдэх Жанрайсэг бурхны зүрхэн тарни болбол эртний ханз үсгээрх бичиг нь “Орь /залуу/ Манзушири хутагт дур мөргөмү” хэмээсэн утгатай байна. Энэхүү Жанрайсэг бурхны зүрхэн тарнийг Дунд бичээсэнд бас зургаантаа давтсан байдгийг монгол бичигтэй хэн хүн гаргаж чадна. Цогт тайжийн ойр шадар бичгийн хүмүүсийн дотор Дайчин хиа, Амар хиа хэмээх ах дүү хоёр мэргэн түшмэл байсныг энэ бичээс нотолно. Номт гүрний хувьд эрдэмт дээдэс маань ийнхүү дорныхоо хэлүүдийг мэдэж, эрдмээр биеэ чимж явснаа мэдүүлж, хойчсоо бас тийн явахыг сануулсан биш үү. Аз болоход, бага бичээс бүхүй чулууг хар тосоор буртаглаагүй, харин шувууны сангас бүрхсэн нь цэрд түрхсэн мэт цайрч зарим үгийг дарсан байлаа. Энэ бол бараг багахан хугацааны хамгаалалт гэсэн үг. Энэ бол байгалийн өөрийнх нь жам ёсны дагуу байнга тохиолддог хэвийн үзэгдэл. Байгаль эх цаг нь болохоор хур бороогоо асгаруулан, ингэн туйлаадас бургиулж, салхи эрчмээ исгэрүүлж, бүр болохгүй бол мөсөн мөндөр даргиулан шувууны сангас мэтсийг үлдэн ухиаж, түүхэн бичээсээ тодолном билээ. Зураг дүрс авахын учирт, Жумдаан доктор чийгтэй алчуур гарган саяхь шувууны сангасыг арчин доорх бичгийг нь тодруулсан. Дуутын хадны их, бага бичээс бол энэ бичил уулын нэг л цогц хадан цохионд байх бөгөөд эргэн тойрны нь хад бүхэн эртний зураг-бичиг олонтой байна. Дунд бичээсийн хөл дор амсхийн сууцгаахуй Ганболд доктор цаг шахам “алга болсон” хийгээд элсэрхэг намхан нурууны оройг хэжин тогтсон Дуутын хадны цувраа бөөн цохиодын дундуур босон суун, заримд бөгтийн сөгдөн, судлаач хүний “өлөн” нүдээр гярхайлж явсан тэрбээр “Гурван үед бичсэн хэдэн зуун хадны зураг байна, зарим зураг хадтайгаа хамт хуваагдан эмтэрсэн, заримыг нь хадыг цуурч хуваагдсаны хойно ч зурсан байна, тэмээний зураг ч тааралдлаа, яарамгүй ирж сар хэсвэл их л юм гарна даа” гэсэн мэдээ занги дуулгаж ирэв. Их бичээсийн хавь орчмын хаданд хадаг тойруулж уясан, завсар зайд нь задгай мөнгө хавчуулсан зэрэг энэ цагийн монголчуудын байгаль ээжтэйгээн харьцдаг ёсон бусын, түгээмэл үзэгдлийн гэрчүүд илэрч байна. Өвөр Монголын хоёр ч яруу найрагч энд зориуд ирээ юү гэлтэй өөрсдийн монгол бичгээр хэвлүүлсэн шүлгийн түүврээ энд өргөсөн нь хоёр нэг оны цаанах хэрэг бололтой, хуудас нь өгөрч сэмэрсэн, ус чийгт идэгдсэн, шувуу тоншиж цоолсон байдалтай, зураг хөрөг нь ч ил гарсан хэвтэнэ. Шинэ үеийн хүмүүс, түүний дотор монгол бичгээ хамгийн сайн мэдэж, хадгалж буй гэгддэг ах дүү өвөрлөгчид маань ийм адал үйл хийж байгаа нь магтан таашаах зүйл яавч бус билээ.

Дуутын хадны бичээсээ хамгаалах тухай яриа Дэлгэрхан суманд дөрөө мулталмагц сумын Засаг даргын өрөөнд эхэлж өрнөсөн болбол басхүү эргэх замын үзүүрт, сумын Тамгын газарт болсон уулзалтаар оргилдоо хүрч өндөрлөв. Сумын Тамгын газрынхан, сургууль, Соёлын төвийн ажилтнууд, багш нар, төрийн албан хаагчид оролцсон уг уулзалтын хамарсан хүрээ цомхон ч дэвшүүлсэн асуудал нь томоохон байлаа. Болчимгүй үйлдлийн эздийг олж, нэг  удаа ч гэсэн нийтэд мэдээлэх зэргээр хашраавал дараа дараагийн удаад Дуутын хаданд очих “тэрэг унасан толгойгүй хүмүүс”-т эрхбиш даруулга болох ёстой юм. Цагдаагийн байгууллага энэ хэргийн мөрөөр орсон уу? Сумын Засаг даргын өгүүлснээр аймгийн цагдаагийн газарт хандахад “Энэ бол хэрэг биш” гэжээ. Хулгай худал, осол аваар, хүчин танхай бол хэрэг болдог, булш бунхан төнхсөн, гэрэлт хөшөө хөндсөн, эртний мэргэдийн бичээс элэр балар болгосон бол “хэрэг биш” байдаг зэвүүн, цөвүүн цаг... Хэрэг биш гэсэн үгийг нь албан бичгээр баримтжуулж авах чухалтайг Ганболд доктор зөвлөсөн билээ.

“Багшийн дээдэд сурч байхад Дашдорж багш маань Дуутын хаданд заавал очоорой, дээдсийн маань үг сонсдох шиг болдог юм шүү” гэж захиж билээ хэмээн нэрт дуун хөрвүүлэгч, аялан судлагч Г.Аким гүүш энд үгээ цэгцэлж эхэлсээн. “Монгол бичигтэй хэдэн гэрэлт хөшөөгөө анхаарахгүй бол хоосон чулуу тэврээд хоцрох нь байна шүү” хэмээн эрдэмт өтгөс тэрбээр сүүлийн үес чангахан дуугарч буй юм. Энэ үг Дуутын хадны бичээсэнд ч хамаатайг саяын болсон хорлонт үйлдэл харуулчихлаа. Хорин нэгэн жилийн өмнө анх энд ирэхэд нь машин унаа, бензин тос ч олдохгүй тул Засаг дарга нь зуучлан нутгийн нэг залууг газарчнаар явуулж, дуун ухааны гүүш маань янгуу ядралыг хойш талбин араар нь сууж, Дашдорж багшийнхаа аминчлан захисан үгийг үнэн үйлдэл, бодит биелэл болгож байжээ. Тэгэхэд хунтайжийн маань хөшөөний бичээс ацаг шүд бүхнээрээ эсэн мэнд дурайж байж.Түүнээс хойш Аким ахайтан Дуутын хадны бичээсэнд дахин ирж завдсангүй. Хаанаасаа хаалгач нь гэгчээр, бичигтэй хад чулуу, гэрэлт хөшөө эрэн бэдрэхүйд түүнд унаатай унаагүй, явган нүцгэн шахам гүйж хөтчилж өгдөг нутгийн хүмүүс, сум орны соёлын төвийн ажилтнууд, гэр сахисан эмгэн буурлууд хүртэл хэмжээлшгүй тус хүргэдэг агаад эрдмийн өтгөс ч тэдгээрийг заавал номдоо бичин мөнхжүүлж, тал өгдөг бүлгээ. Дуутын хаданд анх түүнийг хүргэсэн мотоцикльтэй залуугийн зургийг гүүш бээр “Тэнгэрийн нохой”-ноосоо  эхлэн бараг арваад номдоо оруулж алдаршуулжээ. Сая Дэлгэрханд ирүүтээ бичгийн хүн маань өнөөх залуугаа сураглах гэтэл нэрийг нь тогтоож үлдсэнгүй ажээ. Тэгэхээр нь ганзагалаагаа уудлан, түүндээ бэлэглэхээр зэхсэн номоо гаргаж ирээд Засаг даргад үзүүлэв. Д.Жаргалмаа дарга зургийг харуутаа дуугаа хураан, хэсэгхэн зуур чимээгүй болоод намуухнаар, “Одоо энэ хүн байхгүй ээ” гэх нь тэр... Дуутын хаднаа хүргэж байсан хөтөч залуу нь мөнхрөлийн оронд дэвшиж. Дөч л гарч байх ёстой гэнэ. Мөнхлөх ёстой хүн гэж мэдсэн ч юм шиг, номын гэрэлт ах маань номууддаа зургийг нь залаад л яваад байж. Гэмгүй танилцсан Засаг дарга асан нь ч бас л тэнгэрийн харьяат болон одчихжээ. Хорин нэгэн жилийн дараа ирэхэд нь Дуутын хадны бичиг нь хүртэл нүүр амаа халтартуулчихсан, бичиг эрдэнэ нь элэрч балраад... Ай хөөрхий...

Хойтон жил Цогт хунтайжийн мэлмий гийсний 440, Дуутын хадны шүлгээ хайлан сэцэлсний нь 400, 2024 онд, энэхүү хаданд сийлэн мөнхөлсний нь мөн 400 жилийн түүхэн тэгш ойнууд ээлж дараалан тохиох юм. Үүнийг бид мэдээлээд, эдгээр ойг тэмдэглэхдээ морь уралдуулж, бөх барилдуулан түрүүлсэнд нь машин техник өгөх зэргээр махан биений хүчийг хөөрөгдөж уулгамчлалгүй, ганцхүү эл нандин өвөөн л хадгалан хамгаалахад төр засаг, цаашлаад олон улсын, хамаарал бүхүй байгууллагын анхаарлыг хандуулах, хадгалалт хамгаалалтын нь зэрэг түвшнийг ахиулах, ЮНЕСКО-д бүртгэлтэй өв болгох, орон нутгийн болон улсын чанартай аялал жуулчлал, түүний дотор соёлын аялал жуулчлалын маршрут чиглэлд албан ёсоор багтаан батлуулах талаар анхаарч, ажил үйлсээ одооноос төлөвлөн бүтээх, ингэхдээ Дуутын хаданд автомашины зогсоолын хязгаарлалтын шугам татах, машинаар хамаа бус нэвтрэхийг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, жилийн аль ч улиралд байнга харж хамгаалдаг, мөнхүү тайлбарлах, хөтөчлөх үүрэг бүхүй тусгай айл буулгах, дотоод гадаадын аянчин жуулчнаас тодорхой хэмжээний хураамж авч тасалбар өгдөг, их, дунд, бага чандмань гурван бичээсээ бэлэг дурсгалын бүтээлд шингээн шинэчилж, зуны дэлгэр цагт нутгийн уран бичээч оюутан залуучууд түүгээрээ урлагийн бүтээл туурвин олз мөнгө хүртэх, ирээчин буцаачингуудад тавтай амрах байр, аятайхан хоол ундаар үйлчилдэг болгох зэрэг энгийн зүйлээс ажлаа эхэлж, улмаар чинагшлан, гадуур нь хашаа хайс барьж байгаль дахь энэхүү бэлэн гайхуулгын сүр жавхааг гутаах бус алсуур модон хэрэм байгуулж цэцэрлэгжүүлэн элсний нүүдэлд дарагдахаас хамгаалах, төмөрлөгийн хольц ихтэй уг хадны онцлогт зохицуулан орчин үеийн сансрын дохиоллын системээр тоноглох зэрэг олон ажлын санааг бид тал бүрээс нь хөндөн санал үзлээ сонордуулсан билээ.

Халхын Цогт хунтайжийн гүн ухааны яруу дууллыг тэртээх дөрвөн зууны чинадаас өнөөдрийн бидний үеийг хүртэл, үг үсэг бөхөөж бүдэгрүүлэх нь бүү хэл, ацаг шүд, нум нуруу эмтэлж дутаалгүй нандигнан хайрлаж, харамлан хамгаалж, хүрч зорьж ирээд үзэж мэлмийдсэн хэн бүхэн өчигдөрхний юм шиг хэмээн дуу алдан биширч, бахархан мөргөхөөр тод томруунаар нь авч үлдсэн явдал гайхамшгийн дээд гайхамшиг юм. Үүний төлөө нь ухаант дээдэстээ, нүүдэлчин малчин түмэндээ сөгдөж мэхийхэд ч багадам ажгуу. Их бичээстэй хаднаас, үүнийг бичээчээс эхлэн ээлж дараалан адис авахдаа бид санаа зөвтний төлөөлөл болохын хувиар, сая тугаархан болсон халаглалт үйлдлийн эздийн өмнөөс уучлал эрж, агуу их дээдсийнхээ мянганы соёлд хүндлэл өргөхдөө, сүүлийн шадыг хашиж бүхүй “... хаданд бичвэй” хэмээх үгнээс хар тэргүүн дээш гаргаагүй болой.

Нэгэн зүйлийг чухалчлан зориуд анхааруулан тэмдэглэхэд, Дуутын хаднаа сийлсэн монгол бичээсүүдийн ор мөр буюу хадыг ухаж үг үсгийн хэлбэр гаргасан гүний хэмжээ нь маш нимгэн буюу ердөө хоёрхон мм-ээс хэтрэхээргүй байгааг бид ажиглан тогтоож, өвөг дээдсээ бишрэх ухаан улмаа нэмснээ дурдах учиртай. Нэг үгээр хэлбэл, мөр бичээсүүдийн хаднаа суусан гүний хэмжээ маш гүехэн байгаа нь хайрлах хамгаалахын мэдэц мэдрэмжээ түүнээс урвуу хамааруулж, төдий чинээ харуул манаа сонор хурц, болгоомж сэрэмжтэй байхыг дохиолон бэлгэдэж байнам. Иймхэн гүехэн бичээсүүдийг хүмүүний нэгэн насыг даруй дөрөв илүү нугалах хэмжээтэй он жилийн орвон хөрвөх орчил, дайн самуун, дарлал мөлжлөг, энхжил батжилын аливаа бүхэнд ганц зурлагын ч гарзгүй, өчигдөрхөн сийлчхээд унаа хүлэгтээ уухайлан мордсон дайчин баатар дээдсийн маань хүлгийн дөрөө буйдхан харшин сонсогдож, шузга уяан дээрх агт морьдын нь хомоол чийгтэйгээ ханхийх мэт төсөөлүүлэх хэмжээнд өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд сонгодог урлаг болгон үлдээж, өвлүүлсэн байна. Энэ хэвээр нь бид үр хойчдоо хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ л хэвээр нь... Энд нь... Тийм ээ. Ийм чухал ажлыг хэнээс ч илүү гардан хийж чадах, хийсээр ч ирсэн гэгээн уламжлалтай ард зон бол Халхын Түшээт хан аймгийн Мишиг гүнгийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Дэлгэрхан сумынхан. Та нараас маань илүү цаг нарны хуваарьгүй хэвтүүл манаач, цалин хөлсний хэмжүүргүй бодь сэтгэлтэн энэ улсад байхгүй юм. Яагаад гэвэл энэ л нутаг усныхан тэрхүү эрдэнээ, хар тосоор булж, эрээчин сараачиж буй зөвхөн энэ цагийн хувинцар хүмүүсийнх биш, үүнээс хойших бүх үеийнхнийх гэдгийг эрт мэдэж таалсан, эцэг өвгөдийнхөө тийм үггүй захиасыг хас эрдэнэ мэт хад чулуутай нь цаг ямагт хамт байж, үсгийг нь гаргахгүй ч байсан өдөр өнжихгүй түүнтэйгээ “ярилцаж”, үе улиран сонссоор л байх хувь хишигтэй, том хариуцлага үүрсэн улс аа.

Муу ёрлож буй хэрэг биш л дээ. Машинтай ирээд бичиг соёлоо хар тосоор бялдаж баалаад буй цаг муудсан үеийн сэрүүлэг, сэрэмж болоосой гэснийх юм. Магадгүй хэн нэгэн “толгойгүй” даргын тархинд, “Тийм л хэцүүдээд байгаа юм бол Дуутын хадны бичээсийг музейд авчраад “үүрд” хамгаалчих” балмад санаа сэрхийхийг үгүйсгэх аргагүй. Хэдэн жилийн өмнө Дуутын бичээсийг кранаар ачаад явах гэж байна гэсэн цуу үг гарсан нь өнөөдөр онигооны хэмжээнд доошлон яригдаж байна. Худал байсан учраас, ухаангүй үйлдлийн санаа байснаас өнөө цагт тэр дэгс үг онигоо болтлоо дорд үзэгдэж, жигшигдэж буй нь сайн хэрэг. Хунтайжийнхаа шүлэгт хадыг бид зөвхөн л тэнд, уг газар нутаг дээр нь, ширхэг чулууг нь ч үл хөндөн, үеийн үед онхи хэвээр нь хамгаалан авч явах хэрэгтэй. Түүхэн орчин, унаган байгалиас нь хагацаан өрөөсөн чулуу, сүлдгүй бичиг аваачиж хүйтэн музейн мухар сахиулбал оюун санаагаан, өвөг дээдсээн, ой санамжаан, бүхэл утгаараа өөрсдийгөөн мөхөөж буйтай, эх оронч найрагчийн сэцэлсэнчлэн “агаар нэгэн” болой.

... Бид эргэх замаа нэхэж, нутгийнхны нэрлэдгээр Дуут гандан хэмээгдэх Дуутын хадны намхан толгодын орой дахь их бичээс салхин зүг хандан, хатаагүй нулимстайгаа хоцорлоо. Халтартсан нүүртэй хүүхэд шиг, цаг бусаар буртагтсан хар тосон нулимсаараа уйлсан хэвээрээ үлдлээ. Эзэн дээдсийн минь бичиг эрдэнэ хагас заримыгаа сүйтгүүлж, хүнээр юм бол нүүр амаа хөөдүүлж, түлүүлж, өчигдөрхөн сийлсэн мэт өнгө жавхаа нь дөрвөн зууны тэгш дэлгэр ойнхоо босгон дээр, эх орон нэгтнүүддээ хорлогдон гундаж гандлаа.

Их бичээсийн бүх үгийг бид, бүдгэрсэн болон хэвээр үлдсэнээр нь нэг бүрчлэн тоолж бүртгэж, зурагжуулж авсаан. Жил бүр наанадаж нэг удаа заавал эргэж байхаар ам тангараг өөртөө авлаа. Сая тугаар, Соёлын өвийнхний сэргээсэн зүйл үйлдлээрээ зөвтэй болсон эсэхийг цаг нар харуулна. Байгаль өөрөөн маш удаан боловч хир даг болсон хар тосыг үлдэн хөөж, ариулан арилгах л болно. Гэхдээ бидний дотоод “Улаан ном”-доо дансалж авсан, уншигдахааргүй болсон очир алмаазаас ч үнэтэй үгс эргэж тод томруунаа сэргэн, өчигдөрхний юм шиг, урьдын хэвээр, номун гэрэлтний оройн чимэг, хэлний чимэг болон дуу алдуулан бишрүүлэх эсэхийг хэлж чадахгүй нь.
Бараг ....


Хүн чулууны хөндий-Мишиг гүнгийн хошуу-Дуут гандан
“Хотол төгс” төмөр хулгана жилийн зуны дунд сарын эхин. 2020 дугаар он, зургаадугаар сар.

Б.Элбэгзаяа

Холбоотой мэдээ