Тулаанч М.Нандин-Эрдэнээс Ким Сэ-Ён даагаа нэхнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-30 17:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулаанч М.Нандин-Эрдэнэд ялагдсан Ким Сэ-Ён холбоондоо хүсэлт гарган дахин түүнтэй тулалдахаар болжээ.


БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Road FC холбооны ээлжит өдөрлөгт оролцон оргил тулаанд нь тулалдаж өрсөлдөгч Ким Сэ-Ёныг нэгдүгээр үеийн 38 дахь секундэд хүнд цохилтоор унаган ээлжит ялалтаа байгуулсан. Энэ хоёр тулаанчийн ээлжит тулаан ирэх долдугаар сарын 18-ны өдөр Road FC холбооны ARC 2 өдөрлөгийн хүрээнд явагдахаар болжээ.


Ким Сэ-Ён тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү нь хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргажээ. Тэрбээр “Тулаан эхлээд хэдхэн секунд л болж байхад гэнэт нүд харанхуйлсан. Шүүгч миний нөхцөл байдлыг ойлгоод тулааныг зогсоох байх гэж бодсон ч тэр алдаа гаргасан” хэмээжээ.


Тулааны дараа Ким Сэ-Ён хоёр өдөр унталгүй ихэд сэтгэл дундуур байсан аж.


Ким Сэ-Ён “Би тэр өдөр, тэр өдрийн маргааш нь ч унтаагүй. Үнэхээр ичгүүртэй байсан. Өдөр бүр л бэлтгэлээ хийж дараагийн тулаандаа бэлтгэлтэй байхыг хүсч байна. Дахин тулалдах боломж олгосон М.Нандин-Эрдэнэд баярлалаа” хэмээжээ.

Холбоотой мэдээ