Японы эрх баригчид БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-30 12:16:14

ТОКИО. /TASS/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын Хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг батлах шийдвэр гаргасанд Японы Засгийн газар харамсаж байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.  


“Олон улсын хамтын нийгэмлэг болоод Хонконгийн оршин суугчдын сэтгэлийн түгшүүрийг үл харгалзан энэхүү хуулийг баталсанд харамсаж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Япон улс “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмын хүрээнд Хонконгийн ардчилсан хөгжлийн эрхийг хадгалан хамгаалахыг дэмжинэ гэж Ёшихидэ Суга цохон тэмдэглэв.


Үүний зэрэгцээ Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам шинэ хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор нийтлэхээс өмнө тайлбар өгөхөөс татгалзжээ.


“South China Morning Post” сонинд мэдээлснээр, хууль долдугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болно. Уг хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хорооны бүх 162 гишүүн санал нэгтэй баталжээ. Одоогоор энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа бөгөөд Синьхуа агентлаг үдээс хойш мэдээлэх төлөвтэй байна. 


Холбоотой мэдээ