Н.Мадуро: Гэмт хэрэгтнүүдийг 72 цагийн дотор бууж өгөхийг шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-11 16:05:54

МЕХИКО./ТASS/. Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсад орогнож буй гэмт хэргийн бүх бүлэглэлүүдэд хандан 72 цагийн дотор эрх баригчдад бууж өгөхийг шаардлаа. Тэрбээр үндэсний телевизээр хийсэн мэдэгдлээрээ ийм шаардлага тавьсан байна.

“72 цагийн хугацаа дуусмагц хууль сахиулах байгууллагууд дээрэмчдийг зэвсэг хэрэглэн устгах ажиллагааг явуулж эхэлнэ” гэж Ерөнхийлөгч сануулжээ.

Энэ ажиллагааг “Ард түмнээ чөлөөлөх ажиллагаа” гэж нэрлэж байгаа бөгөөд түүнийг явуулахын тулд таван тусгай бааз байгуулаад байна. 

Венесуэлийн хүчний байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх кампанит ажлын хүрээнд тавдугаар сарын эхээр Гуарико мужид Агути хэмээх хочит Хосе Антонио Товар Колина гэгч зартай гэмт хэрэгтнийг устгажээ. Колина-гийн удирдсан бүлэглэлд олон арван хүн багтдаг байсан бөгөөд тэд дээрмийн халдлага үйлдэх, хар тамхи худалдаалах, хүмүүсийн амийг ялангуяа хууль сахиулагчдын амь насыг санаатайгаар хороох, айлган сүрдүүлж мөнгө нэхэх зэргээр гэмт хэрэг үйлдэж байв.

Венесуэл улсад сүүлийн хэдэн жилүүдэд иргэдийн аюулгүй байдлын асуудал маш хурцаар тавигдах болсон юм. Тус улсын Ерөнхий прокурорын газрын мэдээгээр, 100 мянган хүнд ногдох санаатайгаар үйлдсэн хүн амины хэргийн тоо 58-д хүрсэн нь улс орныг айдас түгшүүрт автуулсан байна. Харин "Обсерваторио Венесолано де Виоленсия" гэдэг төрийн бус байгууллагын үзэж байгаагаар, дээрх тоо 90-д хүрсэн байх магадлалтай аж.

Х.Сарнай

Холбоотой мэдээ