Дали, Пикассо нарыг Монголд халуун дотноор угтан авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-05-11 12:08:44

СИБИРЬ. /The Siberian Times/. 200 гаруй уран зургийн эх хувь болон керамик урлалын бүтээлүүдийг анх удаа Улаанбаатар хотод дэлгэн үзүүлж байна.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавдугаар сарыг дуустал Сальвадор Дали, Пабло Пикассо нарын урьд өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй хамгийн үнэтэй ховор нандин цуглуулгыг дэлгэн танилцуулж байгаа юм. Уг үзэсгэлэн дэлхийн хэмжээнд Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулдагаараа алдартай Александр Шадрин хэмээх Оросын нэртэй бизнесмен, соёл урлагийг ивээн тэтгэгчийн хувийн цуглуулгаас бүрджээ.

Дэлхийн хэмжээний гайхалтай  баялаг үзэсгэлэн ийнхүү анх удаа дэлгэгдэж байгаа нь Монголын ард иргэдэд нэрт зураачдын урлагийн гүн  санааг судлан танилцах асар том боломжийг олгож байгаа хэрэг хэмээн музейн удирдлага үзэж байна.

Олон төрөлт уг үзэсгэлэнд “Ямаан толгой”, “Дөрвөн жүжигчин” болон “Пикадор ба бух” зэрэг Пабло Пикассогийн керамикаар хийсэн бүтээлүүдээс гадна Сальвадор Далигийн “Ялгуусан заан”, “Тэнгэрийн элчийн зөн”, “Бүжиглэх цаг I-III” болон “Дөл шиг эмэгтэй” зэрэг уран зургууд болон уран баримлуудыг дэлгэн тавьжээ.

Ноён Шадрин 57 настай, Оросын Уралын бүс нутагт төрсөн. Тэрбээр "энэ үзэсгэлэн Сальвадор Далигийн амьдралын эрч хүч, уран бүтээлийн нь онгодыг хөглөдөг байсан түүний эхнэр Гала Далигийн дурсгалд зориулан Монголд нээж байгаа юм" гэлээ. Дашрамд дурдахад, Гала Дали нь монгол гаралтай гэгддэг ажээ.

“Өөрийн нүдээр дэлхийд алдартай уран бүтээлчдийн гайхалтай бүтээлийг үзэж сонирхож байхдаа миний сэтгэл үнэхээрийн их хөдөлж байна. Орчин үеийн урлагийн бүтээлүүдийг үзэхийн хүслэн болсон Улаанбаатар хотынхонд энэ үзэсгэлэн үнэхээр нүнжигтэй сайхан бэлэг боллоо” хэмээн “Найрсаг Улаанбаатар” кампанит ажлын хүрээнд уг үзэсгэлэнг дэмжин ажиллаж буй Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэллээ.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 1966 онд байгуулагджээ. Тус музей нь Занабазарын бүтээл болох  “Сита Тара”, “Таван даяанч Будда” болон “Бодь суварга” зэрэг уран баримлуудаараа алдартай ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ