Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас Энэтхэгийн 76 цэрэг шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ДЕЛИ. /NDTV/. Кашмир мужтай хөрш зэргэлдээ оршдог Ладакх мужид өнгөрсөн даваа гарагт Хятадын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас Энэтхэгийн 76 цэрэг шархадсан тухай тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдэгдсэнийг “NDTV” телевиз иш татан мэдээлжээ.
Тус телевизийн мэдээлснээр,
эмнэлэгт байгаа цэргүүдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шархадсан
цэргүүдийн 56 нь долоо хоногийн дотор үүрэгт ажилдаа эргэн орж магадгүй байна. Үлдсэн
цэргүүдийн хувьд бие нь тэнхрэхэд дор хаяж хоёр долоо хоног гаруйн хугацаа
шаардлагатай байгаа аж. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.
Энэ сарын 15-наас 16-нд
шилжих шөнө Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх Галван хөндий орчимд Энэтхэг,
Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. Энэтхэгийн армийн эх сурвалжуудын
орон нутгийн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдийг иш татан мэдээлснээр, мөргөлдөөний үеэр талууд галт зэвсэг
хэрэглээгүй байна. Энэ мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан бол
Хятадын 45 цэрэг амь үрэгдсэн юмуу шархадсан байж болзошгүй байна.
Ладакх мужид Энэтхэг,
Хятадын 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн 5 дугаар сарын эхээр болсны дараа
нөхцөл байдал хурцаджээ. Энэ мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн шархаджээ. Тогтвортой
байдлыг хангахад цаашид хүчин чармайлт гаргана гэдгээ талууд мэдэгдсэн байна.