ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа 8000 хүрэхгүй шинэ халдвар илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-17 17:32:33

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 7843 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 553301 болж нэмэгдлээ гэж тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Тус улсад дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хойш анх удаа өдөрт 8000 хүрэхгүй тохиолдол илэрсэн нь энэ юм. Шуурхай штабаас мэдээлснээр, халдварын идэвхтэй тохиолдлын тоо 241481 болж буурчээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 31.8 хувь нь буюу 2494 нь шинж тэмдэггүй байсан байна.


Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 1065 нь Москва хотод, 680 нь Москва мужид, 238 нь Доод Новгород мужид, 273 нь Ханты-Мансийскийн өөртөө засах тойрогт үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.  


Нэг өдрийн дотор 10036 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 304342 болсон байна. Шуурхай штабаас мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн 55 хувь нь эдгэрчээ. Халдвар тархсанаас хойш нийтдээ 7478 хүн нас барсан байна. Өнгөрсөн өдөр 194 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ