Бразилд нэг өдрийн дотор 35 мянга орчим халдвар шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-17 11:03:31

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Бразилд коронавирусний халдварын 34918 шинэ тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна.  


Мягмар гаргийн орой шинэчилсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо 923189-т хүрч нэмэгдэж, нас барсан тохиолдлын тоо 45241 болжээ. Өнгөрсөн өдрийн байдлаар 1282 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш 441729 хүн халдвараас эдгэрчээ.  


Бразилд халдварын тархалтын голомт нь Сан Паулу муж болон тус мужийн нийслэл болоод байгаа юм. Энэ бүс нутагт 190285 хүн халдвар авч, 11132 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт, тус мужтай хөрш зэргэлдээ оршдог Рио-де-Жанейро орж байгаа бөгөөд энд 83343 хүн халдвар авч, 7967  хүн нас барсан байна. Гуравдугаарт халдварын 81 289 тохиолдол бүртгэгдэж, 5 070  хүн нас барсан зүүн хойд нутгийн Сеара муж оржээ.  Түүнчлэн Пернамбуку /46427 хүн халдвар авч, 3959 хүн нас барсан/, Мараньян /62711, 1537/, Амазонас /58018, 2549/  Пара /71243, 4291/ мужуудад нөхцөл байдал хүнд байна. Хэдий халдварын тархалт хумигдаагүй байгаа боловч олон бүс нутгийн эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг аажмаар сулруулж эхэлжээ.


Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн байна. Тус улс халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.


Холбоотой мэдээ