МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-12 15:00:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган дэлхийн нийтийг түгшээсэн коронавирусний халдварын улмаас хойшлоод байгаа бөгөөд уг хурлыг ойрын үед онлайн хэлбэрээр зохион байгуулах асуудал хөндөгдөж байна.


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 10 дугаар сард ажлаа өгсөн юм. Иймд ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчийг сонгох нь “Токио-2020” зуны олимпын ХХХII наадам ойртоод байгаа энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа юм.


Шинэ ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд Монгол Улсаас төрсөн олимпын анхны аварга, олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, МҮОХ-н Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-н ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Батболдын Баттүшиг тэргүүтэй хүмүүс нэр дэвшээд байгаа билээ.


Олимпын ууган аварга Н.Түвшинбаяр Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд онцгой нэмэр оруулсан тамирчин хүний хувьд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол үүнээс ч ихийг хийж чадна хэмээн спортынхон санал нэг дэмжиж байгаа юм.



Харин түүний гол өрсөлдөгч Б.Баттүшигийн хувьд өнгөрсөн лхагва гарагт /06.10/ болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас ОУОХ-ны гишүүнээр шинээр элсэх 5 хүний нэгд орж нэр дэвшсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 17-нд болох ОУОХ-ны чуулганаар бүрэн баталгаажих юм байна. 




Холбоотой мэдээ