Коронавирусээр халдварласан иргэдийн 71 нь эдгэрч, 122 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-06 11:43:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын 6-ны 11 цагийн байдлаар хилээр орж ирсэн 193 хүн коронавирусний халдвартай нь батлагдсанаас 71 хүн эдгэрч, 122 хүн эмчийн хяналт дор бүрэн тусгаарлалтад байна.


Тэднээс 108 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний бие хүндэвтэр байгаа аж. Энэ хүмүүсийн дотор 8-16 насны 1 хүүхэд байгаа бол жирэмсэн 3 эмэгтэй байна. Мөн элэгний хавдартай, чихрийн шижин өвчтэй тус бүр нэг хүн эмчлүүлж байгаа аж.


Хамгийн сүүлд хийсэн шинжилгээнд 255 хүн хамрагдсанаас 253 хүнд коронавирусний халдвар сөрөг буюу илрээгүй байна. Харин 2-оос нь коронавирусний халдвар илэрлээ. Тэд Алтанбулаг боомтоор өнгөрсөн сарын 28-нд эх орондоо ирсэн бөгөөд 10 хоногийн дараа давтан шинжилгээгээр ийнхүү коронавирус илэрсэн байна. ОХУ-аас тавдугаар сарын 13-нд ирсэн 22 настай оюутнаас анхны шинжилгээгээр коронавирус илэрсэн бөгөөд тэрбээр 23 хоногийн дараа эдгэрч дараагийн шатны хяналтдаа шилжиж байгаа юм.      

Холбоотой мэдээ