Бельгийн хунтайж коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-31 15:19:46

БРЮССЕЛЬ. /Brussels Times/. Бельгийн хаан Филиппийн зээ дүү бөгөөд гүнж Астридын бага хүү хунтайж Иоахим Испанид үдэшлэгт оролцсоны дараа коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” буюу халдвартай гарчээ. 


Энэ талаар Испанийн “El Confidencial” сонинд анх мэдээлсэн бөгөөд хааны ордон уг мэдээллийг үнэн зөв болохыг баталжээ. Иоахим Испанийн Андалусиа мужийн Кордоба хотод болсон үдэшлэгт оролцсон байна.


“Хувийн эзэмшлийн байшинд болсон үдэшлэгт 27 хүн оролцсон” гэж “El Confidencial” сонин Андалусиагийн засаг захиргааны баттай эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилсан боловч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Мөн хунтайж Иоахим ойр байсан 27 хүний нэрийг хэлсэн боловч тэдний зарим нь үдэшлэгт оролцоогүй хүмүүс ажээ.


Испанид хөл хориог сулруулах хоёрдугаар үе шат үргэлжилж байгаа бөгөөд аливаа үдэшлэгт 15-аас доош хүн оролцохыг зөвшөөрч байгаа тул уг үдэшлэгт хэчнээн хүн ирснийг тогтоох нь ихээхэн чухал байгаа юм байна.  


Өдгөө 28 настай хунтайж сүүлийн саруудад эцэг эхтэйгээ хамт байсан бөгөөд Бельгиэс Мадрид хот руу энэ сарын 24-нд явжээ. Мадридаас Кордоба руу өндөр хурдны галт тэргээр зорчсон тэрбээр тус хот дахь нэгэн компанид дадлага хийх гэж байжээ. Мөн тэрбээр Кордоба хотоос гаралтай Испани эмэгтэйтэй үерхээд удаж байгаа ажээ.  


“Иоахимын дадлага хийх шалтгааныг харгалзан үзэж, Испани руу зорчихыг зөвшөөрсөн” гэж сонины мэдээнд тэмдэглэжээ. Мөн тэрбээр Испанид очсоны дараа хоёр долоо хоног тусгаарлагдах ёстой байсан боловч үүнийг биелүүлээгүй байна. Хунтайжид халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ