Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлжээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-05-29 13:01:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах байрнаас гарч, 14 хоног гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хорио цээрийн дэглэмээ чанд сахихыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан анхааруулав.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804 иргэн, орон нутагт 95 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Үүнээс сүүлийн 2 хоногт 28 иргэн гэрийн тусгаарлалтын хугацаа дуусаагүй байхад гэрээс гарсан, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн зөрчил гаргажээ. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм.


Энэ талаар Ж.Амгалан хурандаа, “Тусгаарлах байранд байхдаа өгсөн хаягаа сольж, аймгаас хот руу, дүүргээс дүүрэг рүү шилжсэн тохиолдол олон байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байгаа иргэдээс давхардсан тоогоор 524 иргэн ямар нэгэн байдлаар хаягаа сольсон байна. Тиймээс тусгаарлалтад байгаа иргэдийг шилжүүлэхгүй байх зохицуулалт хийх болно” гэлээ.

Холбоотой мэдээ