Ихэнх нутгаар үүлэрхэг, хур тунадастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн Баянбороо 1, Баянбороо 2 экспедицийн бие бүрэлдэхүүн энэ сарын 22-23-ны өдрүүдэд хангайн уулархаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шилжин ирэх үүлний масст нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.
Экспедицүүдийн хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа амжилттай болж, Галуут, Заг, Баянхонгор Баян-Овоо сумын нутгаар бороо, Эрдэнэцогт, Өлзийт, Бөмбөгөр, Хүрээмарал, Баянбулаг зэрэг сумын нутгаар бороо, цас оржээ. Мөн өнөөдөр нийт нутгаар үүлэрхэг, хур тунадас орох төлөвтэй байна.
Сонирхуулахад, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа нь 2-3 хоногийн өмнө процессыг /тодорхой хэмжээний хур тунадас орох магадлалтай үүлний масс/ үнэлж, мэргэжлийн инженерүүд, баг бүрэлдэхүүний шийдвэрээр хийдэг ажил юм байна. Тухайн үүлний масс аль нутаг дэвсгэрээр дайран орж ирэх, хэр зэрэг услагтай, хаашаа яаж шилжих зэргийг маш нарийн тооцож, хамгийн тохиромжтой цэг буюу газар нутгаа сонгоод, орж ирэх үүлний массаа тосон нөлөөлдөг байна. Тус үйл ажиллагаа амжилттай болвол орох хур тунадасны хэмжээ ихэсч, хамрах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлдэг аж.
