Цахилгааны төлбөрийн мэдээллийг тоолуурын заалттай хамт илгээнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-21 21:31:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газар ирэх долоо хоногоос иргэд, албан байгууллагуудын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн мэдээллийг тоолуурын заалттай хамт илгээнэ.

Өнгөрсөн сард иргэд цахилгааны төлбөрийн хэмжээ эргэлзээтэй, цахилгаан эрчим хүч түгээх байгууллага тоолуурын заалтыг харуулдаггүй хэмээн эрх бүхий байгууллагуудад гомдол гаргажээ. Гомдлын дагуу аймгийн Прокурорын газраас зөрчлийн хэрэг нээж, Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар шилжүүлжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цахилгаан шугам сүлжээний газрын мэргэжилтнүүд гомдлын мөрөөр ажиллаж, төлбөрийн мэдээллийг тоолуурын заалттай хамт илгээх дүгнэлт гаргасан байна.

“Бид ирэх долоо хоногоос хэсэг айлуудад туршилтын журмаар тоолуурын заалтыг илгээнэ. Програм хангамжийн чиглэлээр нэлээд ажиллах шаардлагатай. Туршилт амжилттай болбол ирэх сараас бүх хэрэглэгчдэд хүргэнэ” гэж аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газрын Борлуулалтын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ