Ц.Ариунбаяр: Хөдөөний ахуй амьдрал надад их зүйлийг сургасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-20 13:31:48

Дорноговь /МОНЦАМЭ/.  “Энержи парагон” ХХК-ийн захирал Ц.Ариунбаяртай ярилцлаа.


-Компанийнхаа үйл ажиллагааг товч танилцуулах уу?

-Манай компани барилга угсралт, гадна магистрал шугам, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид Сайншандад хоёр, наймдугаар багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга, төмөр замын долдугаар багт Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн төслийн хэд хэдэн ажлууд бий. Цахиур чулууны уурхай, аймгийн цэвэрлэх байгууламжийн 5,6 км бохир усны шугамын ажлууд. Ажлаа чанартай гүйцэтгэхийн төлөө л зүтгэж байна.

-Хамгийн сүүлд аймаг орон нутгийн томоохон бүтээн байгуулалт болох 3D кино театрыг барьсан?

-Тийм ээ. Боловсролын яамны санхүүжилттэй барилга. Барилгын ажлыг гүйцэтгээд хүлээлгэн өгсөн.

-Өвөл бариад дуусгачихав уу?

- Халаалт дулаанаа холбочихоод дотор заслаа хийж дуусгасан. Өвөл барилга барих боломжгүй. Барьдаг бол улсын мөнгө ч, компанийн нэр хүнд, ажилчдын хүч хөдөлмөр ч хайран.

-Сүүлийн үеийн барилгуудын чанар ямар байна?

-Сайн байгаа. Барилгын стандарт, хяналт сайжирч чангарсан. Барилгын явц болгонд мэргэжлийн байгууллага хяналт тавьдаг.

Манай аймаг барилгын материалын лабораторитой учраас давуутай талтай. Барилгын хөөс гэхэд нэг куб метр нь 19-25 кг байх ёстой төдийгүй нягтрал, галд тэсвэрийг нь шалгана. Тоосго, блок, арматур гээд бүгдийн чанарыг шалгадаг. Зуурмаг гэхэд үйлдвэрээс нь захиалчихна. Техник технологи ч шинэчлэгдсэн.

-Аймгийн төвд зуурмагийн хоёр  үйлдвэр ажиллаж байна уу?

-Тийм ээ. Цаашдаа олон болох ёстой. Тэгвэл зах зээлийн өрсөлдөөн бий болно, чанар сайжирна. Бас үнэ нь буурч хэрэглэгч олширно, хэрэв үнэ буурахгүй бол нөгөө л цөөхөн хэд нь авч таарна.

-Одоо зуурмагаа гараар зөөхөө больсон байх?

ийм ээ? Одоо туслах ажилчид 50 кг-ын шуудайтай цемент үүрээд хоёр давхар руу гарахгүй. Өргөгчөө тавиад өгчих өө, кранаар гаргачих л гэнэ.

Ер нь техник хөгжсөний хэрээр энэ нь ч хурдан. Залуучуудын буруу биш. Нэг тонн цементийг 20 удаа шатаар үүрж явснаас ганц кноп дараад нэг минутад хоёр давхар руу аваачиж байна. Нэг талаараа амар ч, нөгөө талаараа нялцайж байгаа байх. Гэхдээ яахав цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй.

-Зуурмагны чанарт нийлүүлэгч нь баталгаа гаргадаг уу?

-Тэгнэ. Маркаа гаргаад өөрсдөө талбайд хүргэж ирнэ. Бид хэвлээд, лабораторид өгдөг. Ер нь ажиллагаа нарийн болчихсон.

Барилгыг хүссэн хүн бүр барина гэж бодож болохгүй. Томоохон барилга дээр заавал хяналтын буюу зөвлөх инженер  ажиллах ёстой.

-Танайх машин техник, тоног төхөөрөмж, хангалттай юу?

-Боломжийн. Өнгөрсөн онд  манай компанид 80 гаруй хүмүүс ажилласан.

-Үндсэн ажилчид уу?

-Үндсэн ажилчид бол цөөхөн. Ажил эхлэхээр гэрээт ажилчид авдаг. Ажлаа хурдан явуулахаар бол бригадад өгдөг.

Чадвартай хүмүүс бригад байгуулаад ажилладаг. Энэ бол нэг талаараа өсөн дэвжиж байгаа хэрэг. Өнөөдөр туслах, маргааш нь мэргэжлийн ажилтан, нөгөөдөр бригад болоод цаашилбал компани болно гэсэн үг.

-Ажилчид төрөлжиж байна уу?

-Тэгэлгүй яахав. Анхны сууринаас эхлээд л явна. Карказны, өрлөгийн, шаврын, фасадны бригад байдаг. Зарим нь өөрсдийн үндсэн, туслах ажилчдаараа хийлгэдэг. Мэргэжлийн хүмүүсийг өндөр цалинжуулаад туслах ажилчдыг аваад, удирдаад явуул гэх мэт.

-Хамгийн хэцүү нь тогтвортой ажиллах хүмүүс олдохгүй байна гэдэг?

-Манайхны сул тал. Аливаад тууштай байдаггүй. Тухайн ажилдаа үнэнч байх ёстой. Тэгвэл үр дүн гарна. Манайхан хэсэг хугацаанд хийж байгаад явчихдаг.

-Энэ жил ямар ажил төлөвлөв?

-Тендерүүд зарлагдаж байгаа. Ямархуу төсөв, тоо хэмжээтэй, хэдий хугацаанд хийх талаар судалж байж шийднэ.

Компани бол ашгийн байгууллага учраас ашигтай ажил гүйцэтгэнэ. Өрсөлдөөн ч их. Манайхаас том компаниуд байгаа. Гэхдээ сүүлийн үед орон нутгийн компаниудыг дэмжиж байна.

-Нефтийн үйлдвэрийн 540 айлын орон сууцны ажил эхэлж байна. Энэ ажилд оролцож байна уу?

-Ороогүй. Манай аймгийн дөрвөн компани консорциум байгуулаад орсон байсан. Кино театрын барилгадаа анхаарал хандуулсан.

-Кино театраа улсын комист хүлээлгээд өгчихсөн үү, доторх тоног төхөөрөмжөө суурилуулсан юм болов уу?

-Хүлээлгээд өгчихсөн. Тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан. Манайх зөвхөн барилга биш цогцоор нь гүйцэтгэсэн.

-Цаашид ямар аж ахуйн нэгж хариуцаж ажиллах бол?

-Орон нутгаас олон улсад зөвшөөрөгдсөн газарт өгөх сонирхолтой юм байна лээ. Киноны эрх ч тийм амар олдоггүй юм шиг санагдсан.

-Хэдэн хүний суудалтай вэ?

-98 хүн. 108 байсны заримыг нь VIP болгосон.

- Барилга барихад улсын төсвийн хөрөнгө оруулалт саатдаг гээд бэрхшээл багагүй байдаг бололтой?

-Тулгамдаж байгаа асуудал. Үүнээс болоод банкнаас зээл авна. Уг нь гүйцэтгэлээрээ авчихдаг бол барилгын ажил саадгүй. Дээрээс нь ашгаа банкинд өгөхгүй. Санхүүжилт цаг хугацаандаа орохгүй болохоор банкны хүүнд хамаг ашгаа өгөх болно.

-Дорноговьд барилга барих давуу тал байна уу?

-Байлгүй яахав. Хот руу явсан ачааны машин буцахдаа хоосон явах нь бий. Тухайн машинд маш бага зардлаар ачаагаа ачдаг.

Өмнөд хөршөөс бараа татахаа больж байна. Цементээ МАК” ХХК-иас, блок, тоосгоо Налайхаас авна. бор, цагаан замаск, хөөсөө Монгол өөрсдөө үйлдвэрлэж байна. Урдаас суултуур, тосгуур, плитаг л татдаг.

-Эрээн, Улаанбаатар хоёрын аль нь хямд вэ?

-Улаанбаатар хямд. Дээрээс нь НӨАТ тооцдог. Гаалийн татвар байхгүй, бараа саатахгүй. Улаанбаатар сонголт ихтэй, америк, герман, турк, орос бараа бий.

Орос ханын цаас Хятадынхаас хямдхан, дээрээс нь зузаан. Сантехникийн материалиас хамгийн сайн нь герман, туркийн бараа. Хятад сайн бараа бий. Гэхдээ стандарт, шаардлагад нийцэхгүй манайхны хэлдгээр “хулхи юм  өгчихөөд байдаг. Бас тоо ширхэг нь дутна.

-Өөр салбарт  ажиллах бодол байдаг уу?

-Мэргэжил хол. Тэгэхээр боломжгүй байх.

-Таны амьдралыг сонсохоор багадаа хөдөө өссөн, малчин хүү байж. Бас амьдралын янз бүрийн саад, бэрхшээлийг үзэж туулсан бололтой?

-Сургуулиасаа гарчихаад хөдөө очиход нэг малчин ах намайг 100 гаруй км газар эмнэг байдас унуулаад орхичихож билээ.

Тэгээд би айхтар цасан шуурганаар айлд очиж хоносон. Тэр үед гэрийнхэн маань их л муу юм бодсон гэдэг. Би явсаар байгаад хуучин нутагтаа ирсэн. Энэ мэт хүнд сорилт, бэрхшээл их үзсэн. 

-Адуу малд сайн байв уу?

-1999 онд манай нутагт дөрвөн аймгийн мал отроор өвөлжиж байлаа. Тэгэхэд нутгийн залуучууд надаар эмнэг сургуулдаг байсан.

Өглөө гараад нийт 200-гаад үхэр, адуу эргүүлж тойруулан усалдаг. Бас хэдэн айлын мянга гаруй хонь усална. Амьдрал маань иймэрхүү  байлаа. Адуу малд сайн байсан. Хөдөөний амьдрал бол хүүхдийн хүмүүжилд сайн нөлөө үзүүлдэг гэж боддог.

-Бас шаггүй наймаачин байсан гэдэг?

-Хүүхэд байхдаа янз бүрийн наймаа хийдэг байсан. Бензин зарж ч байлаа. Бярууны арьс аваад нухаж элдээд арай ахиу үнээр зарчихна. Янз бүрийн л юм хийдэг байсан.

Аймгийн төв рүү ирээд чихэр, жимсний наймаа хийчихнэ. Манай аавын төрсөн эгч Рэнцэнханд гэдэг хөгшин намайг янз бүрийн юм хийж байхад дургүйцдэггүй байсансан.

Харин наймаа бүтэлгүй болвол “Миний хүү өөр юм ахиад хийгээч гэж урам өгдөг. Аавын маань дээдчүүл нь Сүхбаатар аймгийн  урчууд байсан юм.

-Үр хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна ?

-Хүүхдүүддээ хөрөнгө үлдээнэ гэхээсээ илүү хүмүүжилтэй хүн болгоно л гэж боддог. Анхны суурь боловсролыг нь чадах чинээгээрээ тавихыг хичээдэг. Цаашдаа өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу явах биз.


Цагаанбаатарын Ариунбаяр хэмээх ийм гялалзсан залуу багаасаа сургууль соёлоосоо хөндийрсөн боловч  өөрийн хичээл зүтгэлээр дутуугаа нөхөж, мэдлэг боловсрол эзэмшиж чаджээ.

Мал маллаж, наймаа худалдаа хийж, амьдралын төлөө зүтгэсээр барилгын салбарт амжилттай ажиллаж байна. Амьдрал үзэж, хатуу хүтүүд нухлуулж өссөн эр хүн аливаад голч нуруутай, итгэл даах чадвар суусан байдаг.  

 

Холбоотой мэдээ