Агаарын тээврийн орлого өмнөх оныхоос 52,4 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-11 12:46:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 4 дүгээр сард 6.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 380.0 (6.1%) сая төгрөгөөр өсжээ. Харин оны эхний 4 сарын орлого 58.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 64.5 (52.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.


Агаарын тээврээр оны эхний 4 сард 1.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 533.5 (30.9%) тонноор багассан байна.


Агаарын тээврээр 2020 оны эхний 4 сард дотоодод 28.3 (2.4%) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 4.0 (16.7%) тонноор өссөн байна. Харин олон улсад тээсэн ачаа 1.2 (97.6%) мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 537.6 (31.6%) тонноор буурчээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 4 дүгээр сард 111.0 тонн болж, өмнөх сараас 63.8 (36.5%) тонноор багассан байна.


Агаарын тээврээр зорчигчид оны эхний 4 сард давхардсан тоогоор 240.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (40.1%) мянган хүнээр цөөрсөн байна.


Агаарын тээврээр зорчигчид 2020 оны 4 дүгээр сард 24.5 мянга болж, өмнөх сараас 8.8 (26.4) мянган хүнээр цөөн байна. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2020 оны эхний 4 сард 107.6 (44.8%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 20.3 (15.8%) мянган хүнээр буурсан байна. Энэхүү бууралтад Чойбалсан чиглэлийн зорчигчид 74.8 хувь, Баян-Өлгий чиглэлийн зорчигчид 33.2 хувь, Оюутолгой чиглэлийн зорчигчид 16.5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Агаарын тээврээр олон улсад зорчигчид оны эхний 4 сард 132.5 (55.2%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 140.7 (51.5%) мянган хүнээр буурчээ.


Энэхүү бууралтад Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчид 75.8 хувь, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчид 63.7 хувь, Улаанбаатар-Хайлаар чиглэлийн зорчигчид 67.1 хувь, Улаанбаатар-Москва чиглэлийн зорчигчид 42.5 хувь, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид 40.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Холбоотой мэдээ