Цалингийн нэмэгдэлд тусгасан 90 тэрбум төгрөгийг тодотголд суулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-05 13:54:00

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, ойрын үед салбартаа хийсэн ажлаасаа тойм мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчилдэг. Хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сард 192 мянган төгрөг болгосноос хойш шинэчлээгүй байсныг сая 230 мянган төгрөг болгон нэмсэн. Энэ нь хуулинд нийцүүлж авсан арга хэмжээ бөгөөд ажил хийж байгаа хүн тэтгэврийн доод хэмжээнээс бага орлоготой байх нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулсан хэрэг хэмээн үзэж өсгөсөн. Мөн 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгасан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн тусгахаар тохиролцлоо” хэмээн онцлов.

Өнөөдөр манай улсад 100 мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй нь хүнд хортой хөдөлмөр эрхэлж байгаа тул хүүхдийн хөдөлмөрийг устгах нь нэн тэргүүний зорилт гэж тус салбарын зүгээс үзэж байна. Иймээс хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян өрнүүлж уриалга гаргасан байна. Мөн “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөрийг Засгийн газраас баталж, хэрэгжилтэд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон байна. Ингэснээр 2016-2018 онд нийт 66 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн тооцсон гэдгийг салбарын сайд хэллээ.

Сайд Г.Баярсайхан энэ үеэр малчны мэргэжлийн ангийг шинээр тухай мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин байгаагийн 110 мянга гаруй нь залуу малчин. Гэтэл энэ тоо жилд 1 хувиар буурч байгаа тул энэхүү ангийг нээжээ. Анхны ангийг Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежид нээж, 25 суралцагчтайгаар хичээллэж эхэлсэн байна. Цаашид Баянхонгор, Булганд эл ангийг нээх ба малчны ангийг төгсөгчдийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т түлхүү хамруулах гэнэ. Түүнчлэн салбарын яам мэргэжилтэй ажилчин бэлтгэх нь Монгол Улсын хөгжлийн гарц гэж тодорхойлж байна. Тиймээс “Монгол ур чадвар-2016” тэмцээнийг 10 мэргэжлээр зохион байгуулжээ. Энэ хүрээнд энэ сарын 13-нд Завхан аймагт барилгын өрөг угсрагч мэргэжлээр шилдгүүдийг тодруулна гэсэн мэдээллийг өглөө.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цалин тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн тооцох, нэмэгдлийг тодотголд суулгаснаар төсөв ачааллаа даах эсэх тухай сэтгүүлчийн асуултад, “Хөдөлмөрийн сайдын хувьд монгол хүний цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмүүлэхийн төлөө ажиллана. Хэдий алдагдалтай байсан уг мөнгийг тодотголтой суулгах ёстой. Цалин хөлсийн нэмсэн тохиолдолд тухайн цаг үеэс нь тооцно” хэмээн хариулав.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ