Хятадад онцгой байдлын дэглэмийн 2-р зэрэглэлтэй таван муж, хот үлдээд байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-08 16:05:07

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Шанхай хот маргааш буюу 5-р сарын 9-ний өдрийн 00 цагаас эхлэн онцгой байдлын дэглэмийн зэрэглэлээ бууруулж гуравдугаар зэрэглэлд шилжүүлэх болсноо зарлалаа.

            Хятад улсад Онцгой байдлын дөрвөн шатны зэрэглэл байдаг ба 1-р зэрэглэл нь улаан буюу өндөр эрсдэлтэй, 2-р зэрэглэл нь улбар шар буюу эрсдэлтэй, 3-р зэрэглэл нь шар буюу бага зэрэг эрсдэлтэй, 4-р зэрэглэл нь цэнхэр буюу энгийн гэж ангилдаг.   

Одоогоор тус улсад 1-р зэрэглэл тогтоосон хот, муж үлдээгүй бөгөөд таван муж, хотод 2-р зэрэглэл, 21 мужид 3-р зэрэглэл, 2 мужид 4-р зэрэглэлийн дэглэм үйлчилж байгаа юм.

            Хоёрдугаар зэрэглэлд Бээжин, Тяньжин хотууд, Хэбэй, Хубэй, Төвөд мужууд багтаж байна. Үүнээс Төвөдийн зарим нутагт онцгой байдлын дэглэмийн 3-р зэрэглэл үйлчилж байна. Харин 4-р зэрэглэлд Хөх мөрөн, Шинжаан муж шилжээд байна.

            Хятад улсад бүх нийтийг хамарсан өвчин, тахал, байгалийн гамшиг зэрэг гамшиг тохиолдсон үед дээрх онцгой байдлын дэглэмийг тогтоодог бөгөөд 1-р зэрэглэлд шилжсэн үед Хятадын Төрийн зөвлөлийн нэгдсэн удирдлага дор бүх муж, орон нутаг гамшгаас сэргийлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлдэг. Хоёрдугаар зэрэглэл нь тухай мужийн Ардын Засгийн газраас мужийн гамшгаас сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулдаг бол 3-р зэрэглэл нь тухайн хот, 4-р зэрэглэлд сум, дүүргүүд өөрсдөө бие даан зохион байгуулах эрхтэй болдог аж.

Холбоотой мэдээ