Монгол Улс БНСВУ-ын цагаан будааны экспортын хязгаарлалтад орохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-07 11:55:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 6 дугаар сарыг дуустал тогтоосон цагаан будааны экспортын хязгаарлалтад Монгол Улс орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд Доан Тхи Хыөнг өнөөдөр ХХААХҮЯ-нд мэдэгдэж, Вьетнамын ХААХХ-ийн сайд Нгуен Суан Гыөнг-өөс хаягласан албан захидлыг гардуулав.


Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог.


Гэвч Covid-19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүссэн. Энэ дагуу ХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ч.Улаан, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдад хандан тус улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлт гаргаад байсан юм.


Мөн БНСВУ руу экспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор талууд харилцан тохиролцжээ.


ХХААХҮЯ-наас цаашид цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Холбоотой мэдээ