Сайншанд татах хэсэг УБТЗ-ын ашиглалтын ажлын 50 орчим хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-06 11:59:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Нэг нь нөгөөтэйгөө холбоотой олон вагоныг чирч холын замд хүргэдэг чухал хөдөлгүүр бол галт тэрэгний толгой буюу зүтгүүр юм.

УБТЗ-ын Зүтгүүрийн депо гурван татах хэсэгтэй. Дархан татах хэсэг Сэлэнгээс Зүүнхараа хүртэл, Улаанбаатар татах хэсэг Зүүнхараагаас Чойр хүртэл, Сайншанд татах хэсэг Чойроос Замын-Үүд хүртэл хариуцдаг.

УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Сайншанд татах хэсэг Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Замын-Үүд хүртэлх хэсгийг найдвартай зүтгүүр болон зүтгүүрийн бригадаар хангаж ажилладаг юм.

Галт тэргийг Улаанбаатараас Чойр хүртэл жолоодсон машинч дараагийн хүнд зүтгүүрээ шилжүүлэх бөгөөд солигдсон жолооч мөн л Сайншанд хүртэл давхиад дараагийн жолоочид шилжүүлэх үүрэгтэй.

Сайншанд татах хэсэг одоогоор 870 гаруй ажилтантай, 38 зүтгүүртэй бөгөөд Монголын хилээс хятад тал руу зөөврийн хөдөлгөөний үүрэг гүйцэтгэдэг аж.

Ашигт малтмал, уул уурхайн тээвэр нэмэгдсэнтэй холбогдуулан Сайншанд татах хэсгийн ажлын ачаалал нэмэгджээ. “Сайншанд татах хэсэг 2018 онд 13 сая, 680 мянга,185 сая тонн ачаа өөрийн хариуцсан замаар тээвэрлэсэн бол энэ тоо 2019 онд 14.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны гурван сарыг энэ жилийн гурван сартай харьцуулж үзвэл ачаа эргэлт 13.7 хувиар өссөн.

Дээрх тооноос харахад манай хариуцсан хэсгээр ачаа эргэлт жил бүр нэмэгдэж байгааг анзаарч болно. Бор-Өндөр, Олон-Овоо, Шивээ-Овоод Сайншанд татах хэсгийн сэлгээний тэрэг ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Сайншанд татах хэсэг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцож буй байдлаараа УБТЗ-ын ашиглалтын 50 орчим хувийг дангаараа үүрч байна” гэж Сайншанд татах хэсгийн дарга Д.Хорлоо өгүүлсэн юм.


Ачаа урсгал нэмэгдэж байгаа ч засварын байгууламжийн багтаамж  ачааллаа дийлэхээ больсон


Дээрх зураг бол УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Сайншанд татах хэсгийн зүтгүүрийн засварын ажлын нэгээхэн хэсэг. Энд зүтгүүрийн эд ангийг засварлаж арчилж тордох ажлыг зүтгүүрийн бригадын ажилтнууд гүйцэтгэж байна. 

Төмөр замын ачаа урсгал жил бүр нэмэгдэж байгаа энэ үед засварын ажил хийдэг барилга байшин /канал/ ачааллаа дийлэхээ больсон аж.

Сайншанд татах хэсгийн дарга Д.Хорлоогийн ярьснаар өмнө нь ТО3 /техникийн үзлэг/, ТР1 /урсгал засвар/ зэрэг хэсэгчилсэн засвар үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо ТР2 буюу бүх эд ангийг задалж бүтэн засвар хийдэг болсон.

Тийм учраас томоохон засвар үйлчилгээ хийхэд бидний өнөөгийн барилга байшингийн багтаамж хүрэхээ больсон.  Сүүлийн гурван жилд манай зүтгүүрийн депогийн ашиглалтын тэрэгний тоо нэмэгдсэн. Сардаа хугацаа, гүйлт гээд тодорхой зүйл дээр үндэслэж засвар үйлчилгээ хийдэг.

Гэтэл зай талбай багадаад байна. Тиймээс өргөтгөлийн барилгын асуудлыг дээд түвшинд судалж байгаа. Үүнээс гадна гадна төмөр замын инженер техникийн ажилтнуудын орон тоо нэмэгдэж байгаа үед конторын барилгын асуудал чухал болсон. Бид үүнтэй холбогдуулан энэ жил ахуйн байр барихаар төсөвтөө тусгасан ч коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд түр зогсоод байна гэв. 


Холбоотой мэдээ