Цар тахлын нөхцөлд ажиллах дадлага сургуулийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-06 09:50:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33-р тушаалын дагуу "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилт өнөөдрөөс эхэлж байна. 

3 хоног үргэлжлэх сургуулилтын хүрээнд маргааш Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоох юм.


Сургуулилтын үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ-ын байранд нээв. Тэрээр, дадлага сургуулилт 3 үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй болон Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болсныг мэдэгдлээ. Энэхүү дадлага сургууль нь:

  • "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, 
  • 3 түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, 
  • Онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх зорилготойг онцоллоо. Мөн хорио цээр, халдвар хамгаалалтын дэглэмийг тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлгийн бэлэн байдлыг шалгана гэдгийг тодотголоо. 


"COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийг 3 үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй болон Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулна.



Дадлага сургуулилтын нээлтэд ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, МУЗН-ийн тэргүүн Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо. 

Нээлтийн үеэр 21 аймгийн Онцгой байдлын газар, шуурхай штабын удирдлага холбогдож сургуулилтын нээлт улс орон даяар явагдлаа.  


"COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ-2020" дадлага сургуулилт Буянт-Ухаа спортын цогцолбор ордонд нээгдсэн "Яармаг-300", Эх хүүхдийн эрүүлмэнд төв дэх "Яармаг-100" эмнэлэгт явагдана. Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт-сэргээн заслын төв-113-р анги дахь хээрийн эмнэлэгт болно. 



Холбоотой мэдээ