Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-30 14:14:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас гуравдугаар сарын статистик мэдээллээ танилцууллаа.


Банкны салбарын зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөг болж, үүний 15.1 их наядыг төгрөгийн зээл, 1.9 их наядыг гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн үлдэгдэл гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 19 хувийг цалин тэтгэврийн, 17 хувийг худалдааны, 12 хувийг үл хөдлөхийн зээл эзэлж байна. 


Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна


Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцэж байна. Үүнд боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн нь нөлөөлжээ. 


Төлбөрийн тэнцэл 350 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ


Урсгал дансны тэнцэл эхний гурван сард 750 сая ам.долларын алдагдалтай гарсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 орчим ам.доллароор өсжээ. Үүний гол шалтгаан нь экспортын орлого буюу барааны худалдааны тэнцэл 740 орчим сая ам.доллароор буурч, 273 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ.


Санхүүгийн дансны тэнцэл өмнөх онтой харьцуулахад ашиг нь 146 сая ам.доллароор буурч, 412 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ингээд урсгал данс болон санхүүгийн дансны тэнцлийн нийлбэр дүн буюу нийт төлбөрийн тэнцлийн хэмжээ гуравдугаар сарын байдлаар 350 сая долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ. 


Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 94 хувийг Оюу Толгойн хөрөнгө оруулалт эзэлж байна


Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний гурван сарын байдлаар 458 сая ам.доллар байгаа бөгөөд үүний 94 хувийг Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлж байна. 


Гадаад өр 2018 оныхоос 2 тэрбум ам.доллароор нэмэгджээ


2019 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өр 30.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь 2018 оны эцсийн дүнгээс 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Өр ийнхүү өссөний гол шалтгаан нь ГШХО-ын зээл 1.1 тэрбум доллар, Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээл 622 сая ам.долароор нэмэгдсэнтэй холбоотой байна. 


Банкуудын зээлийн шалгуур чангарчээ


Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн түүвэр судалгаагаар банкууд өнгөрсөн сард иргэд, ААН-д олгох зээлийн шалгуураа бага зэрэг чангалж, нөхцөлөө хэвээр хадгалжээ. Ирэх нэг сарын хугацаанд ААН-үүдэд олгох зээлийн шалгуураа мөн чангалж, иргэдэд олгох зээлийн шалгуураа өөрчлөхгүй гэжээ. Томоохон банкууд ойрын хугацаанд зээлийн эрэлт буурна гэж төсөөлж байгаа бол харин жижиг дунд банкууд зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна.



Холбоотой мэдээ