Орон нутагт жимсний төгөл байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-30 10:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын Наранбулгийг түшиглэсэн жимсний төгөл байгуулах санаачилга хэрэгжиж, нутгийн иргэд идэвхтэй оролцож байна.


НҮБ-ын санхүүжилтээр БОАЖЯ-наас Улз голын сав газарт хэрэгжсэн Дасан  зохицох төслөөс 50 хувь, Дорнод аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх  зардлын 50 хувийн санхүүжилттэй бага оврын инженерийн хийцэт шороон  далангаар боссон Наранбулгийн хөвийн усан санг түшиглэн жимсний аж ахуй  хөгжүүлнэ гэж 2015 оноос хойш зорьж байгаа юм.


Нутгийн “Улаалзай” ХХК-ийн  санаачилгаар 2019 онд 400 орчим чацарганыг хөвийн хашаан дотор тариалсан  бол энэ жил нэмж 200 ширхэг чацаргана тариалах хүсэлт иргэдээс ирүүлсэн байна.  Энэхүү хөвийн усан сан бүрдэх эхний жилүүдэд энэ орчмын газар нутаг нь хэт хуурай байснаас тогтсон ус нь ууршилт, шүүрэлтийн ихээхэн  алдагдалтай байсан, Харин сүүлийн жилүүдэд нуурын ус сайхан тогтож, ус хуримтлуулж эхэлжээ.


Ташрамд дуулгахад, Баяндун суманд Улз голын сав газрын талуудын оролцооны зөвлөл 78 хувийн ирцтэй онлайнаар хуралдлаа. Хуралдаанд Улаанбаатар хот, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Норовлин сум, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумдаас зөвлөлийн гишүүд оролцжээ. Хурлаар Онон-Улз голын сав газрын захиргааны 2019 оны ажлын тайлан, 2020 оны хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав.



Усны тухай хуулийн 20.4.2 дахь заалтын дагуу Улз голын урсцыг нэмэгдүүлэх Онон-Улз дэд бүтцийн төслийн хүрээнд Улз голын урсцын тохируулга Тээгийн шороон боомт барих ажилд санал авахад 100 хувийн саналаар хэрэгжүүлэхийг дэмжсэн байна.



Холбоотой мэдээ