Вакцин гараагүй тохиолдолд Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-04-28 12:48:34

ТОКИО. /Reuters/. Шинэ коронавирусний эсрэг үр дүнтэй вакциныг гарган аваагүй тохиолдолд Олимпын наадмыг ирэх онд зохион байгуулахад хүндрэл учирна гэж Японы Анагаах ухааны холбооны тэргүүн Ёшитакэ Ёкокүра өнөөдөр мэдэгдлээ.


“Би Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй байх тухай ярьж байгаа болохоос Япон улс Олимпыг зохион байгуулах хэрэгтэй, хэрэггүй талаар яриагүй” гэж Ё.Ёкокүра хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Мөн тэрбээр, Японд халдварын түвшин буурч байгаа эсэхийг нотлох хэмжээний өргөн цар хүрээг хамарсан шинжилгээг хийгээгүй байгааг онцлоод, илүү олон хүнийг шинжилгээнд хамруулахыг уриалжээ. Түүнчлэн эмнэлгүүдэд халдвар тархаж байгаа нь хамгаалалтын хувцас дутагдалтай байгаатай холбоотой гэж хэлжээ.


2020 оны Олимпын наадмыг зохион байгуулахад хэдийн 13 тэрбум ам.долларыг зориулсан Япон улсын хувьд уг арга хэмжээг нэг жилээр хойшлуулсан нь томоохон цохилт болсон юм.


Дэлхий даяар халдвар авсан хүний тоо гурван сая давж, 200 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан вирусний эсрэг тэмцэл удаан хугацаанд үргэлжилж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж эхэлсэн байна.


Шинэ коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлэх вакцин, халдвар авсан хүмүүсийг эмчлэх эмийг гарган авахын төлөө дэлхийн олон орны судлаачид ажиллаж байгаа боловч шинэ бүтээлүүдээ үр дүнтэй хийгээд аюулгүй эсэхийг турших шаардлагатай учир дэлхий даяар түгээхэд олон сарын хугацаа зарцуулах төлөвтэй байгаа юм. 

Холбоотой мэдээ