Шинэ номын дээжээ Монголын Үндэсний номын санд хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-05-04 12:48:39

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Номын сангийн хууль"-ийн дагуу шинэ номоо өнөөдөр Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.

Тэрбээр “Монгол соёлоо таниулъя” номоо өнгөрсөн сарын 26-нд өлгийдөж авчээ. Шинэ номоо хэвлэлтээс гарнаас хойш ийнхүү 8 хоногийн дараа 10 ширхэгийг тус номын санд хандивласан юм.

Тэрбээр хэлэхдээ, “Номын сангийн тухай хууль”-иар Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт зохиогч, ном хэвлүүлж байгаа хэн бүхэн заавал унших дээжийг хандивладаг болсон. Энэ хуулийн дагуу зохиогч эсвэл номыг захиалан хэвлүүлсэн этгээд номоо хэвлэлтээс гарснаас хойш 30 хоногийн дотор 3-аас доошгүй хувийг хүлээлгэн өгөх ёстой. Өмнө нь цөөн тооны хүмүүс ном хандивлаж, ихэвчлэн номын сангууд ном худалдаж авдаг байсан. Үндэсний оюуны сан хөмрөгийг бүрдүүлэхийн тулд ном худалдаж авах хэмжээний мөнгө төгрөг номын сангуудад байдаггүй учраас зохиолчид болон номын дэлгүүр, номын сангуудад ч хадгалагдахгүй үрэгдэх байдлаар бид оюуны өв сангаа нэлээд алдсан. Тиймээс Монгол Улсын  хэмжээнд ном товхимол, оюуны өв сан хэзээ ч алга болдоггүй, оюуны баялаг болж хуримтлагддаг байх баталгаа нь заавал авах хувь болж байна. Заавал авах хувьд нэг хөнгөлөлт бий. Хэрвээ оюуны бүтээл нь маш өндөр үнээр бүтсэн бол нэг номын хэвлэсэн өртгөөр нь номын сан заавал авах хувиа авч болно. Номыг олноор нь хэвлэдэг учир нэг номд ногдох өртөг харьцангуй хямд байдаг. Тиймээс зохиолчид үнэ төлбөргүй номын дээжээ хандивлахыг хуульд оруулсан” гэв.

Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа хэлэхдээ, “Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа “Номын сангийн тухай хууль”-ийг санаачилж батлуулсан нь Монгол Улсын номын сангийн салбарт анхдагч болж байна. Ном бүрдүүлэлтийн 60-аас илүү хувийг бэлэг хандивын ном эзэлдэг. Хууль гарсантай холбоотой ном бүтээгч, зохиогч, туурвигчид үндэсний сан хөмрөг бүрдүүлэхэд их хувь нэмэр оруулдаг боллоо” хэмээв.

Тус номын сангаас үндэсний сан хөмрөгт бүтээл туурвилаа хандивлаж байгаа хүмүүст батламж гардуулдаг уламжлалын дагуу Ц.Оюунгэрэлд батламж гардуулсан юм.

Дашрамд дурдахад, “Монгол соёлоо таниулъя” ном нь түүний бие даан бичсэн 8, хамтарч бичсэн 10 дахь ном нь бөгөөд “Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтрээ бичиж эхлээд байгаа аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ