АНУ коронавирусний шинжилгээнд хамруулах цэргүүдийн тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 16:04:25

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Коронавирусний шинжилгээнд хамруулах цэргийн албан хаагчдын тоог өдөрт 7 мянгаас 60 мянгад хүргэж нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


Пентагонд коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн албан хаагчдыг л шинжилгээнд хамруулах нөөц бололцоо бий хэмээн “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Эхний ээлжинд АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс илүү чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Тодруулбал, цөмийн зэвсгийн асуудал эрхэлдэг, терроризмтой тэмцдэг болон нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээс шинжилгээ авах аж. 


АНУ-ын Батлан хамгаалах яам нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt” хөлөг онгоцон дээр үүссэн шиг нөхцөл байдал дахин давтагдахаас зайлсхийхийг бүхий л чадлаараа хичээж байна. Тус хөлөг онгоцон дээр коронавирусний халдварын тохиолдол 3 дугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн юм. Хөлөг онгоцны багийн бүх гишүүнийг шинжилгээнд хамруулсны дараа коронавирусний халдвар авсан хүний тоо 840 болж нэмэгдсэн тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ