БНАСАУ-тай залгаа хил хүртэл төмөр зам тавих бэлтгэл ажлыг эхлүүллээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 14:49:34

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-тай залгаа хил хүртэл төмөр зам тавих бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж БНСУ-ын Тээврийн сайд Ким Хён Ми хилийн Косон хотод болсон ёслолын ажиллагааны үеэр мэдэгджээ. Энэхүү төмөр замыг цаашид БНАСАУ болон Оросын Транс Сибирийн төмөр замуудтай холбох төлөвтэй байгаа юм.  


“Энэхүү төсөл нь БНСУ-ын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй хоёр Солонгосын төмөр замын тээврийн салбар дахь хамтын ажиллагаанд чухал алхам болох юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.


Түүнчлэн Каннын болон Косон хот хооронд 110 км-ын урттай төмөр зам тавих бэлтгэл ажлыг энэ оны сүүлч гэхэд дуусгаж, үндсэн ажлыг ирэх онд эхлүүлэхээ Ким Хён Ми мэдэгдсэн байна. Харин Үндэстнээ нэгтэх яамны сайд Ким Ён Чоль мэдэгдэхдээ, 2.3 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төсөл нь Япон тэнгис буюу Зүүн тэнгисийн эдийн засгийн эвслийг бий болгох боломжийг олгоно гэжээ.


2018 оны дөрөвдүгээр сард хоёр Солонгосын удирдагчид түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтарсан тунхаглалын гол заалтуудын нэг нь хоёр Солонгосын төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох тухай байжээ. Косон хотод болсон ёслолын ажиллагаа нь БНСУ-ын эрх баригчид амлалтаа биелүүлэхэд бэлэн байгааг харуулж байна хэмээн ажиглагчид цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ