АНУ-д 50 мянга гаруй хүн нас барж, Итали, Испанид нас баралт буурч байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-25 13:46:13

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ шинэ коронавирусийг эмчлэх арга замыг хайж олох, үүнтэй төстэй тахал өвчнөөс хамгаалах механизмыг дэлхий даяар бий болгох шинэ санаачилга гаргаснаа зарлалаа. Хүн төрөлхтөнд заналхийлж буй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийт нэгдэх ёстой. Гэсэн хэдий ч АНУ энэхүү санаачилгад нэгдэхээс татгалзлаа гэж ДЭМБ-ын тэргүүний мэдэгджээ.


Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, баасан гаргийн байдлаар дэлхий даяар 2.7 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж 195 мянга гаруй хүн нас барсан бол 780 мянга орчим хүн эдгэрсэн байна.


Үүний зэрэгцээ, АНУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 50 мянга давсан бол тус улсад 869 мянга гаруй хүн халдвар авчээ. Гэсэн хэдий ч хэдэн долоо хоногийн хорио цээрийн дараа АНУ-ын зарим муж улс хязгаарлалтыг сулруулж эхлэв. Хорио цээрийн арга хэмжээг хамгийн түрүүнд сулруулсан муж улсуудын нэг бол Жоржи юм. Тус муж улсад боулингийн танхим, үсчин, гоо сайхан зэрэг газруудыг нээжээ. Харин даваа гаргаас кино театр, зоогийн газруудыг нээх аж.



Жоржи муж улсын гоо сайхны газар


АНУ коронавирусний халдвар авсан хүний тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа боловч тус улсын хувьд халдварт хамгийн ихээр өртсөн Испани, Итали улсуудаас илүү олон хүн амтай /330 сая/ юм.


Италид халдварын оргил үе өнгөрсөн үү?

Италид сүүлийн саруудын хугацаанд коронавирусний халдвараар өдөрт нас барсан хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 420 хүн нас барсан боловч энэ нь гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт нас барсан хамгийн бага үзүүлэлт бөгөөд нийт тохиолдлын тоо 2596-д хүрчээ. Харин халдвар авсан хүний нийт тоо 3021-ээр нэмэгдэж, 193 мянгад дөхсөн байна.



Хорио цээрийн хатуу арга хэмжээг ирэх дөрвөн долоо хоногт аажмаар сулруулна гэж Италийн хэвлэлүүд баасан гарагт мэдээлжээ.


Испанийн эрх баригчид мөн сүүлийн таван долоо хоногийн хугацаан дахь өдөрт нас барсан хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Францад мөн нас барсан тохиолдлын тоо буурчээ.


ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5849 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь өмнөх өдрийнхөөс 1000 орчмоор илүү үзүүлэлт юм. Коронавирусний халдвар тус улсын бүх бүс нутагт илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол нийслэл Москва хотод бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-д 68622 хүн халдвар авч, 615 хүн нас баржээ.  


Их Британид коронавирусний шинжилгээний тоог нэмэгдүүлнэ

Их Британийн Засгийн газрын шинэ цахим хуудас баасан гарагт нээгдлээ. Уг цахим хуудсанд гол салбаруудын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн коронавирусний шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжтой байна. Гол салбарууд гэдэг нь Эрүүл мэндийн үндэсний систем (NHS) болон яаралтай тусламжийн бүх үйлчилгээ бөгөөд нийт 10 сая орчим ажилтантай ажээ.


Их Британийн Засгийн газар дөрөвдүгээр сарын эцэс гэхэд өдөрт хийж буй коронавирусний шинжилгээнийхээ тоог 100 мянгад хүргэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар өдөрт 20 мянган хүнд шинжилгээ хийж байгаа ажээ. Баасан гаргийн байдлаар Их Британид 144600 хүн “Covid-19”-ийн халдвар авч, 19500 орчим хүн нас барсан байна.


Европын бусад орны байдал

Ирландад коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын 50 орчим хувь нь ахмад настны асрамжийн газруудад бүртгэгдсэн байна. Тус улсад халдвар тархсанаас хойш 794 хүн нас барсан бөгөөд тэдний 361 нь тусгай байгууллагуудын асрамж хамгаалалтад байсан хүмүүс аж.  Ирландын эрх баригчид эдгээр газар тусгаарлалт, эрүүл ахуйн шаардлагатай арга хэмжээ авсан эсэхийг шалгаж, зохих арга хэмжээ авахаар төлөвлөж байна.


Шведийн өвчний тархалт судлаач ерөнхий эмч Андерс Тегнелл хорио цээрийн арга хэмжээ авахгүй байх баригчдынхаа шийдвэрийг дэмжсэн байна. Тус улсад халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоо Скандинавын бусад оронтой харьцуулахад илүү олон байгаа учир эрх баригчдын энэ шийдвэр сүүлийн үед ихээхэн шүүмжлэлд өртөж эхэлжээ. Баасан гарагт мэдээлснээр, Шведэд коронавирусний халдварын 16755 тохиолдол бүртгэгдэж, 2021 хүн нас барсан байна. Харин Норвеги улсад 194, Данид 394, Финландад 172 хүн нас баржээ.


Гэсэн хэдий ч Тегнелл статистикийг энэ үзүүлэлтийг үл тоомсорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд хорио цээр тогтоохгүй байх шийдвэр нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг арилгасан гэж мэдэгджээ. Үүнээс гадна, тэрбээр “сүргийн дархлаа” тогтоох аргыг сонговол тус улс нь “Covid-19” тахлын  хоёр дахь давлагаанд бусад  улсаас илүү сайн бэлтгэгдэнэ гэж үзэж байгаа аж.


Чех улс иргэдийнхээ гудамжаар явах хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна. Чехүүд одоо хүссэн үедээ гэрээсээ гарах боломжтой. Түүнчлэн 10-аас илүүгүй хүн нэг дор цугларахыг зөвшөөрчээ. Гэхдээ олон нийтийн газар хоорондын зайг хадгалах, амны хаалт заавал зүүх гэсэн журам хэвээр үйлчилнэ.


Даваа гаргаас эхлэн тус улсын иргэд гадаадад зорчих боломжтой боловч зөвхөн хүндэтгэх шалтгаанаар зорчуулах аж. Гадаадад зорчсон иргэд буцаж ирэхдээ коронавирусний шинжилгээ заавал өгнө. Мөн Чехийн их, дээд сургуулиудад суралцагч гадаад оюутнууд болон ажил хэргээр зорчиж буй бизнес эрхлэгчдийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрчээ.


Хорио цээрийн нөхцөл дэх Рамадан сар



Дэлхийн өнцөг булан бүрт буй лалын шашинтнуудын хувьд ариун Рамадан сар баасан гарагт эхэллээ. Арабын бараг бүх оронд хорио цээрийн дэглэм тогтоож эсвэл олон нийтийн цугларалтад зохион байгуулахыг хязгаарласан юм. Эрх баригчид гэртээ залбирал үйлдэхийг уриалж байна. Гэвч Египет, Сири, Дубай зэрэг зарим улс хязгаарлалтын арга хэмжээг сулруулахаар шийджээ. Эдгээр улсад дэлгүүрүүдийг нээхээс гадна, хүмүүст  гудамжинд удаан хугацаагаар явахыг зөвшөөрөх аж.


Өмнө нь Пакистаны зарим номлогч өөрсдийн санаачилгаар сүмүүдээ нээж, ариун цэврийн бүх стандартыг дагаж, мөргөл үйлдэнэ гэж мэдэгдсэн байна. Тэдний үзэж байгаагаар, яг одоо хамтдаа залбирах нь туйлын чухал юм.


Индонезод мөн хязгаарлалтын арга хэмжээ авсан хэдий ч олон сүмүүдийг нээжээ. Итгэгчдийн ихэнх нь амны хаалт зүүсэн боловч хоорондоо хол зайтай байх журмыг  хэн ч мөрдөхгүй байгаа аж.


Бусад улс орны байдал

БНСУ-д гуравдугаар сарын дунд үеэс хойш анх удаа коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын зургаан шинэ тохиолдол илэрчээ. Вирус тархсанаас хойш БНСУ-д 10708 хүн халдвар авч, 240 хүн нас барсан байна.


Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус улсын хамгийн том Лузон арал болон хүн ам хамгийн шигүү суурьшсан арлуудад хорио цээрийн дэглэмийг дахин хоёр долоо хоногоор сунгасныг мэдэгдэв. Өмнө нь тогтоосон хорио цээрийн хугацаа пүрэв гарагт дууссан байна.


Венесуэлийн хэд хэдэн мужид хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсон байна. Боливар мужид жагсагчид их дэлгүүрүүдэд дайран орж, улмаар цагдаа нартай мөргөлдсөний улмаас нэг цагдаа амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ.


Венесуэльчууд хоол хүнс, эм хайх зорилгоор хөрш зэргэлдээ улсуудын хилийг хууль бусаар давах болжээ


Баасан гарагт Тажикстаны нийслэл Душанбе хотод коронавиурсний халдвараар дөрвөн хүн нас баржээ. Энэ мэдээллийг тэдний эмчлүүлж байсан эмнэлгүүдийн ерөнхий эмч нар баталсан байна. Нас барсан хүмүүс бүгд 60-ээс дээш настай эрэгтэйчүүд байжээ. Ерөнхий эмч нарын хэлснээр, тэднийг нас барахаас өмнө коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь халдваргүй гарсан байна. Гэхдээ Тажикстаныг эрүүл мэндийн салбар дахь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн эмчлүүлж байсан эмнэлгүүдэд коронавирусний халдвар авсан 100 гаруй өвчтөн байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.  


Харин Тажикстаны эрх баригчид тус улсад коронавирусний халдвар илрээгүй гэж мэдэгдсээр байгаа бөгөөд амьсгалын замын өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсэнийг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байна.


Холбоотой мэдээ