Хөрөнгө оруулагчдын Монголыг чиглэсэн хандлага нэмэгдэх боловч өмнөх түвшиндээ хүрэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-03 17:05:10

СИДНЕЙ. /Smh/. “Xanadu Mines” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт Монголын Өмнөговь аймаг дахь “Хармагтай” орд руу автомашинаар 15 цаг явдаг байлаа.

Харин өнөөдөр тэрбээр “Рио Тинто”-гийн хэрэгжүүлж байгаа “Оюутолгой” төслийн хатуу хучилттай авто замаар 5-хан цаг давхиад “Хармагтай”-д очиж байна. Энэ нь олон тэрбум долларын өртөгтэй уул уурхайн олборлолтын нөмөр нөөлөг дор зэс, алтны хайгуул хийсний үр дүн юм.

Энэ нөмөр нөлөө удахгүй хүрээгээ тэлж магадгүй. Учир нь “Рио Тинто” компани удахгүй “Оюутолгой” ордыг өргөтгөхөд шаардлагатай 5 тэрбум долларын зардлыг батлахаар төлөвлөжээ.

Тус ордын далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг батлахыг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Австралийн компаниуд тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд үүний ачаар далайд гарцгүй Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал эрс сайжрах юм.

Далд уурхайн төсөл батлагдахыг Эндрю Стюарт маш таатай хүлээн авах боловч тэрбээр, таван жилийн өмнө хөрөнгө оруулагчид Монголыг "Mine-golia" эсвэл "Mon-coal-ia" гэж нэрлэж байсан шиг тийм үе дахин ирэхгүй байх гэж үздэг аж.

"Хүмүүс Монголд хайгуул хийхээр үерийн ус мэт урсан орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл хэн ч геологи болон хэтийн төлвийн талаар асуудаггүй. Монгол бол дэлхий дээрх хүн ам хамгийн сийрэг суурьшсан, урам зориг дүүрэн залуу ажиллах хүчинтэй улс бөгөөд дэлхийн хамгийн том зах зээлтэй орны хаяанд оршдог" гэж тэрбээр ярив.

“Гэхдээ одоо хэмжүүр маш төвөгтэй болсон. Олны анхаарлыг татах төслүүд байхгүй байна. Харин илүүг илрүүлэх боломж хүмүүсийн анхаарлыг татаж магадгүй боловч тийм боломж бараг үгүй. Монголд хайгуул хийж болохоор газар цөөхөн бий, тиймээс энэ нь жинхэнэ ёсоор анхан шатны хайгуул байх болно” гэж тэрбээр хэлжээ.

“Оюутолгой” ордыг өргөтгөхөд зориулах 4.4 тэрбум долларыг “Рио Тинто” компанид зээлэхээр тохиролцсон олон улсын 20 банкны тухайд ноён Стюарт хэлэхдээ "энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд чухал цаг мөч юм" гэж хэллээ.

“Xanadu Mines” компанийн хувьцааны ханш өнгөрсөн есдүгээр сард 7.5 цент байсан нь энэ долоо хоногт 24 центэд хүрч өссөн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ "цаашдын шинэ нээлтүүд нь энэ өсөлтийг улам бүр нэмэгдүүлнэ" гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тус компани нь “Рио Тинто”-гийн охин компани “Turquoise Hill Resources”-оос "ирээдүй сайтай" орд газрыг худалдан авсан байна. Эндрю Стюарт нь “Turquoise Hill Resources” компаниас өмнө “Оюутолгой” ордод хайгуул хийж байсан “Hugo Dummett” компанийн өрөмдлөгийн багт ажиллаж байжээ.

Энэ онд Стюартын баг 6000 метр хайгуулын өрөмдлөг хийж, “Хармагтай” ордын нөөцийн сүүлчийн хэсгийг олно хэмээн найдаж байна.

“Хармагтай” бол бүхэл орд бус харин олон хэсгээс бүрддэг орд юм гэж Стюарт ярилаа.

Мөн тэрбээр цааш ярихдаа “Оюутолгой” орд нь дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд бид гурвыг нь олсон. Одоо дөрөв дэхийг нь олохоор хайж байгаа бөгөөд үүнийг олбол төсөл нэг шат ахина гэж бид үзэж байна. Хайгуулын ажлын гол чиглэл үүнд төвлөрч байна” гэлээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ