100 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-21 11:31:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зарим нутгаар цаг агаар хүйтэрч, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран тус аймгийн 100 малчин өрх бүрт 240,000 төгрөгийг бэлнээр, 180,000 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцыг өгчээ. 

Энэ зардлыг “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас гаргажээ. 

Мөн зудын эрсдэлийн зургаар нэн өндөр сумдыг сонгож, Ихтамирын 30, Өгийнуурын 32, Хашаатын 38 малчин, нийт 100 малчин өрхөд бэлэн мөнгө /24,000,000 / болон /20,039,000/ төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын туслажийг тараажээ.

Мөн аймгийн төв Эрдэнэбулган сумын баг бүрт, зорилтот бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг, обьектын галын аюулд өртсөн гурван айлд зуух, ариун цэврийн багц, хөнжил гудас, дулаан хувцасны тусламж олгосон байна. 

Холбоотой мэдээ