Их Британид халдвар авсан 106 настай эмэгтэй эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-17 17:02:14

ЛОНДОН. /The Guardian/. Их Британид коронавирусний халдвар авсан 106 настай Конни Титчен хэмээх эмэгтэй эдгэрчээ. Тус улсад “COVID-19” халдвар авсан хамгийн өндөр настай хүн эдгэрсэн тохиолдол энэ байж магадгүй ажээ.


К.Титчен халдварыг ялан дийлж, манай эмнэлгээс гарсан хамгийн ахмад настай өвчтөн болсон бөгөөд манай улсад эдгэрсэн хамгийн өндөр настай өвчтөн ч байж магадгүй юм” гэж Бирмингем хотын эмнэлгийн ажилтан мэдээлжээ. Тэрбээр шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш гурван долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. 


106 настай эмэгтэйг эмнэлгээс гарах үед эмнэлгийн ажилтнууд түүнд баяр хүргэхээр эгнэн зогсжээ. “Энэ вирусийг ялан дийлсэндээ баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр хэлжээ. 1913 оны есдүгээр сард төрж, дэлхийн хоёр дайныг туулсан К.Титчен өнгөрсөн гуравдугаар сарын дундуур эмнэлэгт хүргэгдэж, тун удалгүй халдвар авсан нь тогтоогджээ. 


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр “COVID-19” дэлхий даяар хоёр сая гаруй хүнд халдварлаж, 134 мянга гаруй хүн нас барсан байна. Их Британид уг халдварын 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 13 мянга орчим хүн нас баржээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, “COVID-19” халдварын улмаас бүх насны хүн нас барсан боловч өндөр настай, суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэл хамгийн өндөр байгаа аж. 

Холбоотой мэдээ