“Louis Vuitton”, “Burberry”, “Chanel” амны хаалт үйлдвэрлэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-16 14:48:32

НЬЮ-ЙОРК. /CNN/. Дэлхийн хувцас загварын томоохон компаниуд болох “Louis Vuitton, Burberry”, Chanel” коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулан хамгаалалтын хувцас үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна.  


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар хоёр сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 130 мянга гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэн халдварын улмаас амны хаалт, бээлий, халаат зэрэг хамгаалалтын хувцасны эрэлт огцом нэмэгдсэн юм.


Францын “Louis Vuitton” компани эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ “Instagram” хуудсаараа мэдэгдсэн бөгөөд тус компани эмнэлгийн ажилтнуудад зориулан Франц дахь үйлдвэрүүддээ олон зуун мянган амны хаалт үйлдвэрлэх юм. Мөн Парис хотын зургаан эмнэлэгт хандивлахаар олон мянган хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэж байгаа ажээ.


Их Британийн “Burberry” брэнд ч мөн нийлүүлэлтийн сүлжээнийхээ зарим хэсэгт амны хаалт үйлдвэрлэж байгаа бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газарт мэс заслын 100 мянган амны хаалтыг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Дэлхий дахинд загварлаг хүрмүүдээрээ нэрд гарсан тус брэнд Каслфорд хот дахь хүрмийн үйлдвэртээ хамгаалалтын хувцас, амны хаалт үйлдвэрлэж байна.


Францын хувцас загварын өөр нэгэн томоохон компани болох “Chanel” мөн амны хаалт үйлдвэрлэж байгаа ажээ. Мөн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Италийн “Prada” брэнд эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах үйлсэд зориулан амны хаалт үйлдвэрлэж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ