Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын алдагдлыг бууруулах арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-15 18:05:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

“Булган мээж”, ”Илчит хутаг”, “Тэшиг ус” зэрэг компани дулаан хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж аймгийн төв болон Хутаг-Өндөр, Тэшиг суманд үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн аймгийн нөөцийн газар өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, үржлийн мал аж ахуй эрхлэх чиглэлээр ажилладаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ”Илчит хутаг”, “Тэшиг ус”, “Аймгийн нөөцийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын төлөөлөн удирдах зөвлөлийн  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэх, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ирэх сард багтаан  хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгалаа.

“Тэшиг ус” компани, аймгийн нөөцийн газрын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан өглөг, авлагыг барагдуулах, ”Илчит хутаг” компани төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн инженерийн шугам сүлжээг бүрэн чадлаар нь ашиглах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхийг холбогдох сумын Засаг дарга, компанийн  захирлуудад үүрэг болгоод байна.

Өнгөрсөн онд алдагдалтай ажилласан “Тэшиг ус” компанийн удирдлагад шаардлагатай хөрөнгө оруулалтыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, шаардлагагүй орон тоо ажлын байрыг цомхотгох, ТУЗ-ийн гишүүдийн цалинг зогсоож, үйл ажиллагааны тогтмол зардлыг бууруулахад анхаарахын  дээр цэвэр ус түгээх, бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээ шийдэгдсэн суманд нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг судлах чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ