Зураг төсөвгүй дөрвөн арга хэмжээ хүлээгдэж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-14 18:25:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар энэ жил 69 төсөл, арга хэмжээний бараа, ажил үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Орон нутгийн төсвийн 79,0 сая төгрөгийн хоёр, орон нутгийн хөгжлийн сангийн 746,9 сая төгрөгийн найм, байгаль хамгаалах сангийн 3,6 тэрбум төгрөгийн 39, улсын төсвийн 8,5 тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв батлагджээ.

          -Энэ оны эхний улирлын байдлаар нийт төсөл арга хэмжээнээс тендер зарласан нэг, үнэлгээ хийж байгаа долоо, гэрээ байгуулсан ес, эрх шилжүүлсэн 22, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа найм, гүйцэтгэгч сонгон шалгаруулж мэдэгдэл хүргүүлсэн дөрвөн төсөл арга хэмжээ байна. Зураг төсөв ирээгүй дөрвөн төсөл арга хэмжээ байгаа гэж аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Анхбаяр ярилаа.

Хүүхдийн “Жаргалант” зуслангийн захиргаа, аж ахуй, гал тогооны барилга, Сайхан сумын үерийн далан, Булган сумын 2-р багийн үерийн хамгаалалтын эргийн бэхэлгээний ажил, Могод сумын Хульжийн рашааны ордны нөөц тогтоох зэрэг төсөвт хөрөнгийг нь тусган баталсан ажлын зураг төсөв, ажлын даалгавар байхгүйгээс худалдан авах ажиллагаа хүлээгдэж байна. Аймгийн 2020 оны төсвийг хэлэлцэхэд “зураг төсөвгүй ажил байхгүй” хэмээн батлуулж байсан мөртлөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд зураг төсөв, ажлын даалгавар дутуу байгаа нь хариуцлагагүй явдал хэмээн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид анхааруулав.

Холбоотой мэдээ