Москвад 315 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-14 11:27:15

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдвар тархсанаас хойш сүүлийн хоёр сар хагасын хугацаанд 315 мянга гаруй шинжилгээ хийжээ.


Москва хотын Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, гуравдугаар сарын эхний хагаст тус хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд 100 хувь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд өөрөөр хэлбэл сүүлийн хоёр долоо хоногт халдвар авсан бүх өвчтөн гадаадын орнуудаас ирсэн байна. Үүнтэй холбогдуулан эдгээр хүнийг эмч нар анхааралтай хянаж, шинж тэмдгүүд илэрсэн даруйд шинжилгээ хийсэн бөгөөд тэдэнтэй ойрын хавьталтай байсан хүмүүсийг мөн шинжилгээнд хамруулжээ.


Москвад халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зөвхөн гадаадаас ирсэн болон тэдэнтэй хавьтсан хүмүүст төдийгүй 65-аас дээш насны хүмүүст эсвэл амьсгалын замын цочмог вируст халдвартай, уушгины хатгалгаа оношлогдсон болон архаг хууч өвчтэй хүмүүст шинжилгээ хийсэн байна.


Компьютер томографийн шинжилгээ хийдэг Москва хотын 40 эмнэлгийг коронавирусний сэжигтэй өвчтөнүүдэд зориулсан амбулаторийн оношилгооны төв болгожээ. Өвчтөнүүд компьютер томограф, хэт авиан оношилгоо, зүрх судасны шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд цусны шинжилгээгээр мөн түрхэц авч коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа аж. Эдгээр төв нь 24 цагийн турш ажиллаж байгаа юм. 


ОХУ-ын нийслэл хот дахь коронавирусний нөхцөл байдалд хяналт тавих, тандан судлах шуурхай штабаас мэдээлснээр, Москвад сүүлийн гурван долоо хоногт коронавирусний халдвар илрүүлэх 160 мянга гаруй шинжилгээг гэрт нь хийжээ.


Холбоотой мэдээ