Дэлхийн улс орнууд зөвхөн халдваргүй иргэдээ татан авах зарчмыг баримталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-13 14:15:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудад чанд мөрдөж байгаа халдвартай өвчтөнийг тээвэрлэх тухай олон улсын дүрмийн талаар ЭМЯ-наас мэдээллээ.


ДЭМБ-ын гишүүн 194 улс, (+2) нийт 196 улс 2005 онд гарын үсэг зурж баталсан. Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх баримт бичиг юм. Энэ дүрмийн дагуу халдварт өвчний ялангуяа амьсгалын зам, агаар дуслаар халдварлах өвчний дэгдэлтийн үед дэлхийн аль ч улс оронд баталгаажсан тохиолдлыг тухайн иргэн оршин буй улс орны эрүүл мэндийн байгууллагаас нэн даруй эмнэлгийн тусгаарлалт, хяналтад оруулах үүрэгтэй. 


Халдвартай гадаадын иргэнийг өөрийн улсаас гаргах эрх аль ч улсад байхгүй.

"COVID-19" халдварын цар тахлын үед олон орны эрүүл мэндийн байгууллага боломжоо шавхаж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул хөнгөн өвчтөнүүдийг гэрийн тусгаарлалтад байлган хянаж байна. Гэвч энэ нь сул чөлөөтэй явуулж байна гэсэн үг биш. Тухайлбал, Япон, Солонгос, Их Британи, Франц, Герман зэрэг халдварын тархалт их байгаа улсуудад онош батлагдсан ч биеийн байдал хөнгөн үед гэртээ хүрэх замыг нь нарийвчлан зааж өгөхөөс эхлэн гэрийн хөл хорионд байх бүхий л хугацаанд тухайн хүнийг өдөр бүр хүнс, зайлшгүй шаардлагатай эм хэрэгслээр тогтмол хангаж үүдэнд нь хүргэх, хог хаягдлыг нь тусгай уутанд авч устгалд оруулж байна.


Улс орнууд өөрийн иргэдээ тусгай онгоцоор татан авах ажил дэлхий даяар үргэлжилж байна. Нисэх онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслээр иргэдийг авах ажлыг зохион байгуулахдаа тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт оруулах буюу суулгах цорын ганц шалгуур нь “халдваргүй байх” явдал юм. Зорчигч нэг бүрээс эрүүл мэндийн асуумж бөглүүлж, биеийн халууныг хэмжиж онгоцонд оруулж байгаа нь чухамдаа халдваргүй гэдгийг нотлох зорилготой. Энэ нь бусад бүх хүний эрүүл мэнд, цаашилбал амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой.


2020 оны 1-р сарын 27-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Улс орнуудад олон улсын зорчигчдыг хилээр гаргахад зориулсан түр зөвлөмж”-д улс орнууд "COVID-19" халдварын тархалтыг хязгаарлахын тулд хилийн боомтууд дээр эмнэлзүйн шинж тэмдэгтэй, сэжигтэй тохиолдлуудыг хилээр нэвтрүүлэхгүй нэн даруй бусдаас тусгаарлах ёстойг заасан. Тухайлбал, биеийн байдал илт зовиуртай, халуурсан, халдвартай хүнтэй хавьтал болсон нь өгүүлэмжээр (тухайлбал, манай сургуулийн нэг оюутан батлагдсан, би түүнтэй номын санд ойрхон удаан суусан гэх мэт) тодорхойлогдсон тохиолдлуудыг агаарын хөлгийн бүхээгт оруулахгүй байхыг зөвлөсөн ба ингэснээр бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж байна. БНХАУ өнгөрсөн хугацаанд уг зөвлөмжийг чанд мөрдөж өөрийн орноос гадаадын сэжигтэй иргэдийг гаргаагүй.


Иргэдээ татаж авч байгаа улс орон бүр зөвхөн халдваргүй хүмүүсийг тээвэрлэх зарчмыг чанд баримталж байна.

Тухайлбал, Япон Улсын Йокохама боомтод зогссон “Даймонд Принцесс” хөлөг онгоцонд Япон, Хятад, Америк, Канад, Австрали, Филиппин зэрэг 50 гаруй улсын зорчигчид, хөлгийн ажилтнууд байснаас халдвартай бүх тохиолдлыг хүндэрсэн бүх тохиолдлуудыг Япон Улсын эмнэлгүүдэд эмчлэх арга хэмжээг зохион байгуулж, эмчилгээний дараа тээвэрлэнэ гэдгээ улс орнууд нээлттэй зарласан. “Даймонд Принцесс” хөлөг онгоцноос зөвхөн шинжилгээний “сөрөг хариу”-г үндэслэж Солонгос, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Тайван, Австрали, Канад, Израил, Их Британи, Филиппин, Итали зэрэг эрүүл мэндийн тогтолцоо болон эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орон иргэдээ татаж авсныг дурдаж болно.

Холбоотой мэдээ