Энэтхэгийн хойд нутгийн оршин суугчдад Хималайн нуруу харагдаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-04-10 12:10:41

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосны улмаас агаарын бохирдол буурч, үүнтэй холбоотойгоор тус улсын хойд нутгийн Пунжаб мужийн оршин суугчдад 160 гаруй километрийн зайд оршдог Хималайн нуруу харагдаж эхэлжээ.


Пунжаб мужийн Жаландхар хот болон эргэн тойрны бүс нутгийн оршин суугчид Хималайн нурууны гэрэл зургийг гэрээсээ авч, нийгмийн сүлжээний хаягтаа нийтлэх болжээ. Тэдний зарим нь, бид Хималайн нурууны оргилыг сүүлийн хэдэн арван жил хараагүй хэмээн бичсэн байна.


“Энэтхэгт тогтоосон хөл хорионы арга хэмжээний улмаас агаарын бохирдол буурч, 30 орчим жилийн хугацаанд анх удаа би Хималайн нурууг тод томруунаар харлаа. Гайхалтай санагдаж байна” гэж нэгэн хэрэглэгч нийтэлжээ.


Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огцом буурч, агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалсантай холбоотойгоор агаарын чанар эрс сайжирсны улмаас дээрх онцгой үзэгдэл тохиосон байна.


“Дели хотын агаар дахь “PM10” том ширхэгт тоосонцрын түвшин хязгаарлалт тогтоосон эхний өдөр 44 хувиар буурсан” гэж Энэтхэгийн Бохирдлын хяналтын төв зөвлөлөөс мэдээлжээ. “PM10” нь 10 микрометр болон үүнээс жижиг хэмжээтэй тоосонцор юм. Түүнчлэн уг байгууллагын тайланд дурдсанаар, Энэтхэгт хөл хорио тогтоосноос хойших эхний долоо хоногт 85 хотын агаарын бохирдол буурчээ.


Мөн Хималайн нуруунаас 160 гаруй километр зайд оршдог Жаландхар хотын агаарын чанар хөл хорио тогтоосноос хойших 17 хоногийн 16-д “сайн” гэж үнэлэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хоногоор нэмэгдсэн байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, Энэтхэгт коронавирусний халдварын 6000 орчим тохиолдол бүртгэгдэж, 178 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ