Энэхтэг хүү сельфидэж байгаад өөрийгөө бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-02 14:12:05

ЛОНДОН. /ТАSS/. Энэтхэгийн өсвөр насны нэгэн хүү гар буу бариад сельфи зургаа дарах гэж байгаад өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Энэ тухай Их Британийн “Sky news” телевизийн сувгийн мэдээнд дурдсан байна.

15 настай Рамандип Сингх гэдэг хүү амьд үлдсэн хэдий ч эмч нар түүний амийг аврахаар тэмцсээр байна.

Цагдаа нарын ярьснаар, сурагч хүү эцгийнхээ гар буугаар тоглож байх үед ийм харамсалтай хэрэг явдал болжээ. “Бидний үзэж байгаагаар, сумтай бууг ил хадгалж байсан хохирогчийн эцэг юуны түрүүнд буруутай” хэмээн цагдаагийнхан ярьжээ. 

“Скай ньюс" телевизийн сувгийн мэдээлснээр, Энэтхэг улсад залуучууд өөрийн цахим хуудсандаа бусдын анхаарлыг гойд татсан зураг байрлуулахыг ихэд хичээх болсонтой холбоотойгоор иймэрхүү хэрэг явдал олонтоо гарах болжээ. 

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн эрх баригчид төмөр зам дээр селфи зураг авах гэж оролдсон тохиолдолд хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан байна. Энэ нь төмөр замаар галт тэрэг дөхөн ирж байх үед селфидэх гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд олон удаа гарах болсонтой холбоотой ажээ. Жишээлбэл, Агра хотын дүүрэгт төмөр зам дээр хагас жилийн дотор 15 хүн амь насаа алдсан байна.

Д.Нямтулга


 

Холбоотой мэдээ