"Чингисийн чулууны бичиг”-ийн дурсгалын хуулбар Эрмитажаас ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ XIII зуунд хамаарах “Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбарыг Санкт-Петербург хотын Эрмитаж музейгээс авахаар тохиролцсон. Тэгвэл өнөөдөр болсон Чингис хаан музейн шав тавих ёслолд уг дурсгалыг музейн суурин дээр байршуулж нийтэд дэлгэн үзүүлсэн юм.
Хөшөөний дурсгалын хуулбарыг ОХУ-аас Улаанбаатар хот хүртэл түргэн шуурхай тээвэрлэх ажлыг Туушин компани гүйцэтгэжээ.
Чингисийн чулууны бичгийн түүхийг сөхвөл, монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан, өргөн дэлгэр хурим найр хийжээ. Хуралдайн үеэр Есүнгэ мэргэн 335 алд газарт бай харван оносон бөгөөд түүний хосгүй мэргэн харвасан алдрыг мөнхжүүлж хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан аж.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны долоодугаар сард Чингис хаан музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ оны хоёрдугаар сард музейн үзэл баримтлалыг баталсан. Тус музейд Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейнүүдийн сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижина.
Есөн давхар, 20 500 шоо метр талбай бүхий олон улсын стандартыг хангасан Чингис хаан музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн юм.