Улс үндэстэн бүрийн нягт хамтын ажиллагаа энэхүү аймшигт цар тахлыг ялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-03-30 11:13:50

Коронавирусний тархалт дэлхий дахинд үзүүлж буй үр нөлөөний талаар Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Жозеп Бореллийн илгээлт


Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19-ийн нөлөөгөөр үүсэж буй хямрал нь хэдийгээр дайн шиг биш ч, урьд өмнө байгаагүй хэмжээнд нөөц бололцоогоо дайчлан, зохистой чиглүүлэн ажиллах шаардлага үүсгэж байгаа нь дайны байдалтай адилтгах нөхцөл болоод байна.

Даян дэлхийн эв нэгдэл, сайн сайхны төлөөх нэгдмэл хичээл зүтгэл, улс үндэстэн бүрийн хоорондын нягт хамтын ажиллагаа энэхүү аймшигт цар тахлыг ялж, хөнөөлт үр дагаврыг нь зогсоохоос өөр гарцгүй болоод байна. 3 дугаар сарын 23-нд болсон ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын цахим хурлын үеэр ч үүн дээр санал нэгдсэн юм.

COVID-19-ийн эсрэг хүн төрөлхтний авах хамгийн зөв тэмцэл бол цар тахлын эсрэг шинжлэх ухаанч, хүртээмжтэй арга хэмжээнүүдийг шат дараатай, эмх цэгцтэй зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс бодит туршлагуудыг хуримтлуулж, өөрийн улс орон болон дэлхийн нийтэд үнэн бодитой зөвлөмж, мэдээллийг хүргэж чадах нь л хамгийн чухал болоод байна. Бидэнд алгуурлан суух хугацаа үгүй болжээ.

Энэ оны нэгдүгээр сард Хубэй мужид гарсан халдварын тархалтыг дарахад Европын Холбооны улсуудаас БНХАУ-д  их хэмжээний эмнэлгийн тусламжийн хэрэгслүүдийг илгээж байлаа. БНХАУ ч маш үр дүнтэй арга хэмжээнүүдийг даруй авч, өвчлөлийн тоог нэг оронтой тоо хүртэл буулгаж чадсанд Европын холбооны улсуудаас хүргэгдсэн тусламж багахан ч гэсэн нэмэр болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Та бид бүгд дундаа нэг л дэлхийтэй, нэг л нарны дор оршин буйг улам илтгэсэн үйл явдал нь Хятадын ард түмэн КОВИДЫГ ЯЛСАН сэтгэл зүтгэлтэй, эрдэм мэдлэг туршлагатай эмч, эмнэлгийн багуудаа өвчлөл ид тархаж буй Европын холбооны улсууд руу илгээж, анд нөхдийн ариун журмыг дээдлэгч Ази хүний мөн чанарыг ч харуулж байгаад туйлын баяртай байна. 

Дайны хажуугаар дажин гэдэг шиг өвчлөл ихсэж буйг ашиглан Европын Холбооны нэр хүндийг унагаах оролдлогууд, бүр цаашилбал европчууд бол вирус тээгчид мэтээр хүлээн авах тохиолдол ихээр ажиглагдаж байгаа нь өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг гэсэн дорно дахины мэргэн үгийг дахин дахин сануулж хэлмээр харамсалтай санагдаж байна. Ямар ч улс үндэстэн ийм аюулыг хүсэхгүй, үүсгэхгүй.

Европ тив болон бусад улс орнуудад томоохон хүрээгээр тэлж буй тахал хэзээ нэгэн өдөр намжих нь дамжиггүй. Гагцхүү тэр үед дэлхий дахинаа европчуудын талаарх ойлголтод сөрөг хандлага бүү үлдээсэй гэж Европын ард түмний дуу хоолойг төлөөлөх үүрэгтэй Европын холбоо хүсэж байна. Бодит түүх, дагалдах архив, мэдээ мэдээллүүд гэдэг аль ч цаг үед хэн нь хэндээ тусалсан, хэрхэн аюулыг даван гарсныг хүүрнэн өгүүлэх тул худал мэдээлэл дээр тулгуурласан ямар ч төрлийн дайралтад буурь суурьтай, олон арван дайн тулаан, хэцүү бэрхийг даваад гарсан нэгдмэл зорилготой байж чаддаг европчууд болон оюунлаг улс гүрнүүд ч үл автана гэдгийг мэдэгдмээр байна.

 

Европын Холбооны улсууд бол нэгэн гэр бүл бөгөөд гэр бүлийн бүх гишүүд эсэн энх, сайн сайхнаар зэрэгцэн орших эрхэм зорилготой, тиймдээ ч ямагт эв нэгдэлтэй, эерэг харилцаатай байсаар ирсэн чадвар нь ч энэ удаагийн цар тахлыг  даваад гарах амин сүнс болж байгаа юм. Манай гишүүн орнуудад бие биенээсээ далдлах нууц, хуурамч хандлага огтхон ч байдаггүй бөгөөд санхүүгийн хүндрэл, ажлын байрыг хэвээр хадгалах, эдийн засгуудаа аврах ажиллагааг ч нэгэн бодлогоор амжилттай хэрэгжүүлж байна. Хамгийн чухал нь бидэнд үүрэг хариуцлага нэн тэргүүнд гэдэг зарчмын дагуу өөрсдийн гишүүн орны иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр аюулгүй, хурдан шуурхай эх оронд нь хүргэхэд бүхий л шатны дипломат арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлсээр, эх орондоо саадгүй хүрсэн иргэд ч бидэнд эргэж талархсаар байгаад сэтгэл өег байна. Саяхны жишээ 30 000 иргэнээ хамтын хүчээр Мароккогоос эргүүлэн авчирлаа.

Гэвч хийх зүйлс их байна. Дэлхий даяар 100,000 орчим европчууд оршин суугаа орныхоо Элчин сайдын яам эсвэл Консулын газарт буцах хүсэлтээ бүртгүүлсээр байгаа бөгөөд гэртээ ирэх хүсэлтэй иргэдийн бодит тоо ч нэмэгдсээр байна. Бид тэднийгээ ч эх оронд нь шат дараатайгаар авчирч, эмч мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хөл хорио, ажиглалт, тандалтыг ч дээд зэргээр хийх болно. Европчууд цар тахлыг ялна, өөрсдийн туршлагаараа бусад орнуудад ч туслана.

Эхний ээлжинд Ази, Латин Америк, Африк тивийн түншүүдтэйгээ холбоо тогтоож, олон улсын зохицуулалттай хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлж байна.

Хямралын үед хүний ​​зөн совин ихэвчлэн дотогшоо буюу хил хязгаараа хаахыг хичээж байх шиг байна. Дангаараа тэмцэх нь илүү урт хугацаанд, илүү их хүний ​​болон эдийн засгийн алдагдал хүлээнэ гэж харж байна. Цар тахлын энэ хүнд саруудад бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт улс орон бүхэнд байгаа бөгөөд хамгийн энгийн хариулт нь эрдэмтэн судлаач, эдийн засагчид, бодлого боловсруулагчдын хоорондын олон улсын хамтын ажиллагааг эрс өргөжүүлэх явдал юм.

НҮБ, ДЭМБ, ОУВС-г дайчлан Их-7, Их-20 болон бусад олон улсын форумуудтай хамтран эмчилгээ, вакцин гаргаж авахад шаардлагатай төсвийг бүрдүүлэх, төсвийн болон мөнгөн урамшууллын арга хэмжээг зохицуулж, бараа бүтээгдэхүүний худалдааг нээлттэй байлгах замаар эдийн засгийн хохирлыг хязгаарлах, шинжлэх ухааны эрдэмтэд зөвшөөрсөн тохиолдолд хилээ нээх, мөн худал мэдээлэлтэй тэмцэх, бие биенээ  буруутгах биш эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэх цаг үе юм.

Мэдээж бидэнд дотоодын хэрэгцээ маш өндөр байгаа ч Европын Холбоо эмзэг, буурай улс орнуудад туслахад бэлэн байх ёстой. Тухайлбал, Сири дэх дүрвэгсдийн лагерьт байгаа хүмүүсийн дунд COVID19 тархвал юу болох талаар ч санаа зовж байна. Африк тив мөн анхаарлын төвд байна. Африк тивийн хувьд эбола тахалтай тэмцэж байсан туршлагатай ч тус тивийн эрүүл мэндийн тогтолцоо нэн сул тул коронавирусний дэгдэлт маш өргөн хүрээнд явагдах магадлалтай бүс нутаг юм. Африкийн хүн ам шигүү суурьшсан суурингуудад хол хорио тогтоох нь илүү хүндрэлтэй. Хэдийгээр бид аюулыг дарлаа ч, дэлхийн өөр өнцөгт цар тахал байсаар байвал бид ч үр дүнтэй ажиллагаагүй л байна гэсэн үг юм.  Венесуэл, Иран зэрэг улс орныг ч Европын Холбоо мартаж болохгүй. Аюул биднийг хаа сайгүй отож байна. Эдгээр улс орнууд ОУВС-гийн тусламжид хамрагдах боломжийг бид хангах ёстой юм. Ирантай АНУ-ын хориг арга хэмжээнээс үл хамааран хэм хэмжээ, хуулийн хүрээнд хүмүүнлэгийн худалдааг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Коронавирусээс үүдсэн хямралаас өмнө байсан бусад асуудлууд арилаагүй гэдгийг бид бас санах хэрэгтэй. Үнэндээ тэдгээр асуудал улам хүндэрсэн байж болох юм. COVID-19 цар тахал хил дамнасан зөрчилдөөнийг улам бүр гүнзгийрүүлж магадгүй юм. Европын хувьд бид өсөн нэмэгдэж буй геополитикийн хурцадмал байдал, ялангуяа АНУ, БНХАУ-ын хоорондын харилцааг зохицуулахад дэмжлэг үзүүлж байна. Урьд өмнө үүссэн чиг хандлагыг COVID-19 нь улам хурцатгах эрсдэлтэй гэж шинжээчид харж байна.

ЕХ-ны хувьд шүүмжлэгчдийг эсэргүүцэн, хямралын үед үр дүнтэй, хариуцлагатай гэдгээ маш тодорхой байдлаар харуулах нь шударга ёсонд нийцнэ байх. Жан Моннет дурсамждаа "Европ хямралд өртсөн ч тэрхүү хямралыг даван туулах шийдлүүдийн нэгтгэж чадна" гэж бичжээ. Энэ хямралыг даван туулж, дараа дараагийн асуудлуудад бэлэн байхад бидний удирдан чиглүүлэх үзэл бодол, санал санаачлага чухал дэвсгэр суурь нь болох юм.

 

Холбоотой мэдээ