Элтон Жон хандив цуглуулах тусгай тоглолтыг хөтөлнө

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-03-26 15:19:11

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан энэ долоо хоногийн ням гарагт зохион байгуулах цахим тоглолтыг алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон хөтлөн явуулахаар болжээ.


Fox” сувгаар энэ сарын 29-ний орой шууд дамжуулах уг тоглолтоор дамжуулан коронавирусний цар тахалтай тэмцэхээр тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ хандив цуглуулахыг зорьж байгаа ажээ.


Fox Presents the iHeart Living Room Concert for America” нэртэй тоглолтод Алисиа Киз, “Backstreet Boys”, Билли Айлиш, Билли Жо Армстронг, Мэрайя Кэри, Тим Макгроу нар уран бүтээлээ толилуулна.


“Уран бүтээлчид бүгд өөрсдийн гэрээсээ хувийн гар утас, камер, дуу хураагуурын тусламжтайгаар тоглолтод оролцоно” гэж “Fox” суваг мэдээлжээ. Уг тоглолтоор цугласан мөнгийг “Feeding America”, “First Responders Children's Foundation” ашгийн бус байгууллагад хандивлах юм.


Нэг цагийн турш үргэлжлэх тусгай тоглолтын үеэр ямар ч зар сурталчилгаа гаргахгүй бөгөөд iHeartMedia” радиогоор мөн шууд дамжуулна. 




Холбоотой мэдээ