“Стандарттай Ховд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-24 12:01:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлж, батламж гардан авсан.

Уг стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, хянан баталгаажуулалт хийсэн “Монсертф” ХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 03 дугаар сарын 20-24-ний өдөр Ховд аймагт ажиллалаа.

Тус ажлын хэсгийнхэн аймгийн ЗДТГ-тай хамтран боловсруулсан “Стандарттай Ховд” хөтөлбөрийн төслийг Засаг дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өгөв.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн байгууллагуудад менежментийн тогтолцооны олон улсын стандартын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж.  

Улмаар Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны, авлигын эсрэг менежмент, хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо зэрэг стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм.

“Стандарттай Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг давуу талтай гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ