Сургууль, цэцэрлэгийн хичээл ирэх сарын 30 хүртэл орохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-20 17:09:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. 


Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн орны хувьд, тус байгууллагаас өгсөн зөвлөмж, мөн Эрүүл мэндийн яамны саналыг уялдуулан дээрх шийдвэрийг гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр онцоллоо. Тэрбээр, "2020 оны гуравдугаар сарын байдлаар, "COVID-19" -өөс урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 114 улс цэцэрлэг, сургуулиа бүрэн хаасан байна. Үүний улмаас 890 сая суралцагч хөл хорионд байгаа юм. Хорио цээрийн үед боловсрол, сургалтын ажлыг ямар хэлбэрээр хүргэх талаар олон улстай туршлага солилцохоор тусгай баг гаргасан" хэмээв. 


Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг нэгдүгээр сарын 27-ноос зогсоож хөл хорионы байдалд шилжсэн. Үүнээс хойш сургалтын 1140 цагийн хичээлийг 18 телевизээр 180 гаруй багш ажиллаж нэвтрүүлжээ. 



Бүх шатны сургалт дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт эхэлж ням гараг хүртэл хичээллэх аж. Үүнээс хойш бямба гарагуудад нэмж хичээллэх юм байна. Бага анги зургаадугаар сарын 6, дунд, ахлах анги зургаадугаар сарын 13-ныг дуустал хичээллэх бөгөөд цэцэрлэг тавдугаар сарын 31 хүртэл ажиллана гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. 


Сургалтын ажил зургаадугаар сарын 15-нд бүрэн зогсож, намар наймдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр, ЕБС-ийн багш нар зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 14 хүртэл амралтын 48 хоногоо бүрэн эдлэх юм. Харин ЭЕШ-ийг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлт долоодугаар сарын 7,8-нд үргэлжлэх юм байна.


Энэ оны эхний хагас жилд болох соёл урлагийн тоглолт, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг хорьсон ч олимпод бэлтгэх шигшээ багийг тусгай орчинд, онцгой горимоор бэлтгэл хангуулахаар болжээ. Харин шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал, сургалт, семинар зохион байгуулахгүй ч эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх юм. 


Энэхүү зохицуулалт нь дөрөвдүгээр сард халдварын нөхцөл байдал багассан үед хэрэгжүүлэх төлөвлөгөө бөгөөд цаашид шийдвэр өөрчлөгдөж болно гэдгийг тодотгов. 

Холбоотой мэдээ