Вашингтон муж улсад болсон сунгаанд Ж.Байден ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-17 09:58:12

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Энэ сарын 10-нд Вашингтон муж улсад болсон Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч тодруулах сунгаанд АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден ялж байна.


Вашингтон муж улсад болсон сунгаанд мөн Ардчилсан намынхны их хуралд оролцох 89 төлөөлөгчийг сонгожээ. Саналын хуудсуудыг боловсруулж хараахан дуусаагүй байгаа бөгөөд одоогоор Жозеф Байден сонгогчдын 38 хувийн саналыг аваад байгаа бол Берни Сандерс 36 орчим хувийн санал авжээ.


Энэ сарын 10-нд мөн Айдахо, Мичиган, Миссури, Миссисипи мужуудад ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаа болсон бол Хойд Дакота мужид намын идэвхтнүүдийн хурал болжээ.


АНУ-д ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд сунгаанд нэр дэвшигч намынхаа 1991 төлөөлөгчийн саналыг авах шаардлагатай бөгөөд бүх сунгаа, намын идэвхтнүүдийн хурлын дүнгээр Ж.Байден 894 төлөөлөгчийн дэмжлэгийг аваад байгаа бол Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 743 хүний дэмжлэгийг авжээ. 

Холбоотой мэдээ