БНСУ-д коронавирусний халдварын 74 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-16 10:10:34

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын 74 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 8236 болжээ. Тус улсад сүүлийн гурван долоо хоног гаруйн хугацаанд өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо хоёр хоног дараалан хоёр оронтой тоонд хүрч буурсан бөгөөд бямба гарагт 76 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар нийт 75 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ.


БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 61 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.


Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор энэ сарын хоёр дахь долоо хоногоос хойш шинэ тохиолдлын тоо буурах төлөв ажиглагдаж байгаа хэдий ч Сөүл хотын Гуро дүүргийн дуудлагын төв, Сэжон хотод байрладаг Засгийн газрын цогцолбор зэрэг шинэ голомт үүсэх төлөвтэй байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байна.


Шинээр бүртгэгдсэн 74 тохиолдлын 35 нь Дэгүд, долоо нь Умард Гёнсан мужид бүртгэгдсэн бөгөөд ням гаргийн оройны байдлаар Дэгүд 6066, Умард Гёнсанд 1164 тохиолдол илэрчээ. Мөн шинэ тохиолдлуудын 20 нь Гёнги мужид бүртгэгджээ.


Мөн Сөүлийн өмнөд хэсэгт байрладаг Христийн сүмтэй холбоотой 40 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарсан байна. Халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа өвчтөнүүд олон хүнд халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул олноор цуглахгүй байхыг Засгийн газар уриалжээ.


БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.


Мөн Засгийн газар ням гарагт Дэгү болон Умард Гёнсан мужийн гурван бүсийг “гамшгийн онцгой бүс”-ийн ангилалд оруулсан байна. Ингэснээр тэдгээр бүс нутгийн нөхөн сэргээлтийн зардлын тал орчим хувийн татаасыг олгож, оршин суугчдыг нь татвар, ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх боломжтой болжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Антарктидаас бусад бүх тивд бүртгэгдсэн “COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ