Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-15 23:24:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуурын мөс хайлж, шар усны үер буух эрсдэлтэй болсон тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгааг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Иймд нийт жолооч, ард иргэдийг зам товчлох зорилгоор гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сануулав. Мөн өвлийн улиралд хуримтлагдсан цас хайлж уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллага усанд автах тохиолдол гардаг. Тиймээс малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

2020.03.16-21-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Энэ хугацаанд цас орохгүй. Салхи 17-19-нд говийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар 10-12м/с, зарим хугацаанд 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Цаашдаа хүйтний эрч эрс суларч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ