Нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-13 19:45:15

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс аймгийн төвийн нийтийн эзэмшлийн 23 км замд ариутгал халдваргүйтгэлийг хийхээр болжээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус төвөөс 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас халдваргүйжүүлэх ажлыг хийх юм байна. Тус ажлыг Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Энэ ажлын хүрээнд Хот тохижилт үйлчилгээний газраас нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг цэвэрлэж эхэлжээ. Иймд иргэдийг халдваргүйтгэл хийх хугацаанд хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулжээ. Ташрамд Зоонозын өвчин судлалын төвөөс айл өрх бүрийг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг өдөр бүр хийхийг уриалж байна. Тус төвөөс айл өрх бүрийг хэрхэн ямар зааварчилгаагаар ариутгалыг хийх зөвлөгөө, тайлбар бүхий зурагт хуудсыг хэвлэж өрх бүрд тараан өгч байна.

Завхан аймагт ариутгал халдваргүйтгэл хийдэг мэргэжлийн гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс айл өрх, албан байгууллагууд дээрх компаниудад хүсэлт тавьж ариутгал хийлгэж болох юм байна. Мөн өөрсдөө заавар зөвлөгөөний дагуу амьдарч буй орчноо халдваргүйжүүлж болох аж. 

Холбоотой мэдээ