Худалдааны төв үйлчлүүлэгчдээ гараа ариутгах боломжоор хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-11 16:58:09

Завхан /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улиастайн томоохон үйлчилгээний газрууд уриалга гаргаж ажил хэрэг болгосон эерэг мэдээлэл байна.

Тухайлбал Улиастай сумын төв тойрог дээр байрлах "Бүрдийн Баянбүрд" ХХК-ийн худалдааны төвөөс үйлчлүүлэгч бүрээ гараа угааж, ариутгах боломжоор хангаж үүдэндээ гар ариутгагч, нойтон салфетка зэргийг байрлуулжээ.

Мөн гараа ариутгах ач холбогдол, амны хаалтаа хэрхэн зөв зүүж хэрэглэхийг зөвлөсөн мэргэжлийн байгууллагын зөвлөгөө бүхий зурагт хуудсуудыг байршуулжээ. Тус төв нь өнгөрсөн онд үйлчилгээний байраа өргөтгөн, Улиастайд өнгө нэмсэн, өвөрмөц дизайнтай, тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлсэн гурван давхар үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулжээ.

Тус үйлчилгээний төвд Төрийн банк, Мобикомын үйлчилгээний төв, АПУ ХХК-ийн салбар үйл ажиллагаа явуулдаг байна. Манай худалдааны төвд гэр ахуй, бэлэн хувцас, оёдол, гоо сайхан, гар утас, шингэн хүнсний худалдаа эрхэлдэг түрээслэгч бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Өдөртөө 200 гаруй хүн орж гарч үйлчилгээ авдаг Улиастайн томоохон үйлчилгээний төв юм. Тиймээс шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор худалдааны төвийнхөө цэвэрлэгээ үйлчилгээг илүү сайжруулж өдөр бүр ариутгалыг хийж байна.

Үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх дадлаа зөв болгож манай төвөөр үйлчилгээ авахдаа ариутгал халдваргүйтгэлээ тухай бүр хийх нөхцөлөөр нь хангаж байгаа. Амны хаалтгүй л бол үйлчилгээ авахаас татгалзаарай гэдгийг үйлчлүүлэгчдээсээ хүсэж байна. Ер нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд байгууллага бүр, хувь хүн бүр хичээх л хэрэгтэй юм. Тиймээс бусад томоохон худалдааны төвүүдийг үйлчлүүлэгчдэдээ шаардлага тавьж, гараа ариутгах боломжоор нь хангахыг уриалж байна хэмээн "Бүрдийн Баянбүрд" ХХК-аас мэдээлэв. Ташрамд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн А/114-р захирамжид “...ариутгал халдваргүйтгэлийн стандартыг мөрдөж зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэхийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгожээ”. 

Холбоотой мэдээ