Бөхмөрөн сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарч чадсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:51:43

Монгол Улсын Засгийн Газраас хоёр жил тутамд бүс бүрээс нэг сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад нь зориулж 100 мянган төгрөгийн шагнал олгож ирсэн билээ. Энэ жил баруун бүсээс Ховд аймгийн Зэрэг сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарч, 100 мянган төгрөгийн эзэн болоод байна.

Увс аймгийн Бөхмөрөн сум аймгаасаа шалгарч энэхүү шалгаруулалтад өрсөлдсөн юм.

Тус сумын хувьд гудамж талбайдаа цементэн болон сайжруулсан шороон зам тавьж, гэрэлтүүлэг, явган хүний зам, цэцгийн мандлыг мөн цогцоор нь шийдвэрлэсэн байна. Мөн сумын төвийн бүх албан байгууллагуудыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбож, малчид, ард иргэдээ нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулан ховор, нэн ховор ан амьтадаа хайрлаж хамгаалахаас гадна ашиг орлогоо нэмэгдүүлж амьдрал ахуйдаа тус нэмэр болгодог байна. Тэрчлэн сумын нутаг дэвсгэр дээрх нүүрсний уурхайнуудтайгаа хамтран “Нэг зам” төсөл хэрэгжүүлж бэлчээрийн талхлагдлыг арилган, ард иргэдийнхээ нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлж, ажлын байр олноор бий болгосон аж. Эдгээр ажлыг аймаг орон нутаг хийгээд улсаас төсвөөс мөнгө төгрөг царайчлахгүйгээр ард иргэдийнхээ хандив тусламж, байгалийн баялаг зэргээ түшиглэн хийж сумынхаа өнгө төрхийг өөрчилж, сүүлийн хоёр жил дарааллан Увс “Аймгийн оны тэргүүний сум” болсон байна. Иймээс тус сумынхан “Улсын тэргүүний сум”-аар шалгарна гэдэгтээ итгэл төгс байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Ойрад” театрт ард иргэдтэй уулзалт хийх үеэр Бөхмөрөн сумын ахмад настан Б.Эрдэнэ гуай “Манай сум 6 удаагийн сонгууль дараалан “цэнхэртсэн” сум байгаа юм. Үүнийхээ шагналд “Улсын тэргүүний сум”-ын шалгаруулалтад өрсөлдөөд хамар таслууллаа. Уг нь баруун бүсэд манай сумтай өрсөлдсөн Ховд аймгийн Зэрэг суманд өнгөрсөн жил “Жишиг сум” төсөл хэрэгжиж, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн. Сонсох нь ээ, лав 22 айлын орон сууц баригдсан, тэр нь бас халдаг эсэх нь эргэлзээтэй гэж дуулдсан. Энэ шалгаруулалтад Ховдын Зэрэг сум шалгарсан нь Элбэгээ Ерөнхийлөгч, та хоёрын чихийг хангинуулж байна. Хүн юм чинь нутагаа бодолгүй яахав. Гэхдээ их мөнгө зарж их юм хийсэн үү, бага мөнгөөр их зүйл хийсэн үү гэдгийг нь харгалзах ёстой байсан юм” хэмээн Ерөнхий сайдыг олны өмнө ичээж, цугласан олныг инээлгээд авлаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ