Сутай хайрханыг долоодугаар сард тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:01:32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу Төрийн тахилгат Сутай хайрханы уулын тэнгэрийг тайх ёслолыг ирэх долоодугаар сарын 22-ны бэлэгт сайн өдөр үйлдэхээр боллоо.

Тахилгын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85-р зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах ажээ.

Төрийн тахилгат Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон уул юм. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог  Монгол Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. 

Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтнаар арвин, мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан сонин овоо бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн  үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ